Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын индрээс Трамп Хойд Солонгосыг сүрдүүлж, Ираныг зэмлэн, Венесуэльд анхааруулав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт НҮБ-ын ерөнхий ассемблэйн чуулганы индэр дээрээс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анх удаа үг хэллээ.

Тэрээр 40 минут орчим үргэлжилсэн илтгэлдээ дэлхийн хэд хэдэн улс орнуудын талаар Вашингтоны байр суурийг илэрхийлсэн юм.

Трампын үг Хойд Солонгос, Иран, Венесуэлийг голлон чиглэж байв.

Ингээд түүний хэлсэн үгнээс улс орнуудтай холбоотой хэсгүүдийг түүвэрлэн хүргэж байна.

 

АНУ-ын талаар

 

“АНУ-ын нөхцөл байдал өнгөрсөн оны сонгуулийн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-наас хойш маш их сайжирсан”

 

“АНУ бол өгөөмөр улс орон, дүрвэгсдийн асуудлыг шийдэхэд тэрбум, тэрбумаар дэмжиж байгаа”

 

Хойд Солонгосын талаар

 

“Хойд Солонгосын бурангуй дэглэмээс өөр ямар ч улс өөрийн хүн ардыг, дэлхийн улс орнуудыг ингэж басамжилж байсангүй. Энэ дэглэм өлсгөлөнгөөр амиа алдсан олон сая Хойд Солонгосчуудын өмнө хариуцлага хүлээх ёстой. Шорон гяндан, эрүү шүүлт, аллага гээд тоо томшгүй олон зүйлд буруутай”

 

“АНУ бол агуу хүчтэй, тэвчээртэй үндэстэн. Гэхдээ өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахаас өөр аргагүйд хүрвэл Хойд Солонгосыг бүрмөсөн сүйрүүлэхээс өөр сонголтгүй болно”

 

“Пуужинтай хүн өөрийгөө болон дэглэмээ сүйрүүлэх замд нэгэнт ороод байна”

 

Ираны талаар

 

“Иран бол хуурамч ардчиллын цаана нуугдсан ялзарсан дэглэм. Баялаг түүх соёлтой энэ орон өнөөдөр сул дорой эдийн засагтай, хүчирхийлэл, цус, үймээн самууны гол экспортлогч болоод байна”

 

“Газрын тосны баялгаа Ираны ард түмний сайн сайханд зориулахын оронд тэд энгийн муслимуудыг алж хяддаг Хезболлах зэрэг террорист байгууллагуудыг санхүүжүүлэх, хөрш Арабын орнууд, Израйлийн амгалан тайван байдлыг алдагдуулахад зориулж байна”

 

“Мөн энэ баялаг Башар Аль Ассадын дэглэмийг дэмжих, Йемений иргэний дайныг өдөөх, нийт Ойрх Дорнодын энх тайван байдлыг алдагдуулахад зориулагдаж байна. Бид ийм аюултай дэглэмийн үйл ажиллагаа, зэр зэвсэгээр хөөцөлдөхийг хараад сууж чадахгүй”

 

Сирийн талаар

 

“Бид Исламын улсыг бут цохиход томоохон амжилт гаргаад байна. Өмнөх он жилүүдэд Исламын улсын эсрэг хийсэн бүгдийг нийлүүлснээс сүүлийн найман сарын үр дүн илүү гарахаар байна”

 

“Бид Сирийн хямралыг намжаах, Сирийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэсэн улс төрийн шийдлийг олохын төлөө ажиллах болно. Башар Аль Ассадын харгис дэглэмийн үйлдсэн гэмт хэрэг, түүний дотор гэмгүй хүүхдүүдийн эсрэг хэрэглэсэн химийн зэвсгийн довтолгоо эрүүл ухаантай хүн бүрийг цочроосон юм”

 

Венесуэлийн талаар

 

“Социалист Мадурогийн дэглэм нэгэн үе хөгжин цэцэглэж байсан Венесуэлийг уналтын ирмэг дээр авчраад байна. Николас Мадурогийн дарангуйлал энэ улс орны хүн ардыг хүнд зовлонд унагаад байна”

 

“Дэлхийн хаа сайгүй ядуурал, зовлон авчирдаг нь батлагдсан үзэл онолыг хэрэгжүүлснээр тус дэглэм цэцэглэн хөгжиж байсан улс орныг сүйрүүллээ. Эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, бурангуй засаглалаа авч үлдэх гэсэн Мадурогийн оролдлого байдлыг улам муутгаж байна”

 

“Социализм, коммунизмийг бодитоор хэрэгжүүлсэн газар бүрт зовлон шаналал, үгүйрэл хоосрол, алдаа завхрал бий болдгийг санах хэрэгтэй”

 

Кубын талаар

 

“Суурь өөрчлөлт шинэчлэлт хийхээс нааш бид Кубын засгийн газрын эсрэг тавьсан хоригоо цуцлахгүй”

 

Йордан, Турк, Ливаны талаар

 

“Сирийн хямралаас дүрвэсэн хүмүүсийг газар нутагтаа орогнуулж байгаа Йордан, Турк, Ливан улсуудад бид тусгайлан талархлаа илэрхийлж байна”

 

Орос, Хятадын талаар

 

“Хойд Солонгосын эсрэг хориг тавихад дэмжлэг үзүүлсэн Хятад, Орос улсуудад, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүдэд би талархлаа илэрхийлмээр байна. Дэмжсэн бүгдэд баярлалаа. Гэхдээ бид илүү ихийг хийх хэрэгтэй байгаа”

 

Эх сурвалж: Quartz