Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоины зах зээлээс юаний арилжаа бүрэн хаагдахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хоёр хоногийн өмнө Хятадын хамгийн том биткоин арилжааны төвүүдийн нэг BTCC дотоод зах зээл дэх үйл ажиллагаагаа есдүгээр сарын 30-наас эхлэн зогсоож байгаагаа мэдэгдсэн билээ.

Энэ шийдвэр нь эрх баригчдын өгсөн чиглэлийн дагуу гарч байгааг BTCC мэдээлсэн юм. Тэгвэл өчигдөр Хятадын үлдсэн хоёр том арилжаа эрхлэгчид болох Huobi, OKCoin аравдугаар сарын 31-нээс дотоод арилжаагаа зогсоож байгаагаа мөн мэдэгдлээ. Тэдэнд мөн эрх баригчдаас мэдэгдэл ирсэн байна.

Ингэснээр биткоиныг юаниар солилцох арилжаа Хятадын нутаг дэвсгэрт бүрэн хориглогдож байгаа юм.

Гэхдээ дээрх тоглогчид крипто мөнгөн тэмдэгтийн бусад үйлчилгээг эрхлэн явуулна, гадаад зах зээлд арилжаагаа үргэлжлүүлнэ гэсэн байна.

Хятадын зах зээл дэх эргэлзээтэй байдал сүүлийн өдрүүдэд биткоины үнийг хүчтэй унагаж байсан юм. Тэгвэл өнгөрсөн шөнөөс эхлэн эргэн сэргэж эхэлжээ.

Энэ нь Хятадын зах зээлийн нөхцөл байдал тодорхой болсонтой холбоотой байж магадгүй.

Өчигдөр биткоины ханш унасаар богинохон хугацаанд $3,000-аас доош хэсэг ороод эргэн нэмэгдэж, өнөөдөр өглөөний байдлаар $3,700-аас дээш гараад байна.

Хятадын юань нийт биткоин арилжааны 12 хувийг эзэлдэг. АНУ-ын доллар, Японы иен нийлээд 75 хувийг эзэлдэг юм. Мөн Өмнөд Солонгосын воны арилжаа энэ жилээс эрчимтэй нэмэгдэж байгаа. Тиймээс Хятадын эрх баригчдын хориг зах зээлийн 12 хувьд нөлөөлж байна. Гэхдээ Хятадын арилжаачид Хонг Конгийн зах зээлд шилжиж ажиллах боломж байгаа гэж мэргэжилтнүүд бас дүгнэжээ.

 

Эх сурвалж: Quartz