Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хүүхдийн төлөөх “Аз жаргалтай гудамж” аянд оролцохыг УРИАЛЛАА

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

“Аз жаргалтай гудамж” бүтээлч аяныг арванхоёрдугаар сарыг дуустал зарлалаа. Аяныг МҮОНР-ийн Хүүхэд Залуучуудын Редакци санаачлан, Замын цагдаагийн албатай хамтарч зохион байгуулж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.

Байгууллага, хамт олон, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн нөөц боломж санаачлагаар зам тээврийн ослыг бууруулах, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүднээс гудамж талбай, сургууль цэцэрлэгийн орчин, хүүхдийн аюулгүй байдлын төлөө шинийг санаачлан өөрсдийн бодит үйл ажиллагаагаараа хамтран ажиллах юм.

Аяны хүрээнд таны хүүхдийн төлөө хийж буй ажил, санаачлага, бүтээн байгуулалтыг МҮОНРТ-ээр орон даяар олон нийтэд сурталчилан таниулах аж.

2015 онд 54, 2016 онд 50 хүүхэд 2017 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 47 хүүхдийн амь нас хохирч, 129 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ. 

Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас хүүхэд амь насаа алдсан тохиолдлын 85 хувийг эзэлж байхад нийслэл хотод ослын улмаас гэмтсэн хүүхдийн 64.3 хувийг эзэлсэн судалгаа байна.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослыг судлан үзэхэд тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ, хорооллын дотор болон хашаандаа тоглож байх үедээ, гэрээс сургууль сургуулиас гэр хүрэх замдаа томчуудын буруутай үйлдлээс үүдэн зам тээврийн осолд өртсөн байна. 

Хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох үед нь харгалзах хүнгүй оролцуулдаг, зорчигч хэлбэрээр тээвэрлэж явахдаа хамгаалах хэрэгсэл, зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг буруу дадал зуршлыг өөрчлөх цаг нэгэнт болсон. 

Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудлыг гол сэдвээ болгож, яриа хэлэлцүүлэг өргүүлж, сурвалжлага мэдээллийг байнга бэлтгэж байгаа хэдий ч байгууллага, иргэд хамт олныг хамруулсан бүтээлч ажил буюу зам тээврийн ослоос хүүхдийг урьдчилан сэргийлэхэд бодит шийдэл үгүйлэгдэж байна. Иймд Монгол хүүхдийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулах хүн бүхнийг уриаллаа.