Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д аминдэм буюу эрүүл байх үндэс

Р.Оюун
2017 оны 9 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг

Д аминдэмийн хэрэглээ, Д аминдэмийн дутагдал нь 200 гаруй өвчний шалтгаан болдог байна. Тэр дундаа хорт хавдраар өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Манай орны хувьд Д аминдэмийн дутагдал өндөртэй оронд багтдаг байна. Энэ нь бүс нутгийн онцлог болон хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах Д аминдэм хангалтгүй байдагтай холбоотой. Тиймээс Д аминдэмийг нэмэлтээр зайлшгүй хэрэглэх шаардлагатай хэмээн эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Д аминдэмийг хэвийн хэмжээнд байлгах нь хүний эрүүл байх үндэс болдог аж. Өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл, эхчүуд Д аминдэмийн дутагдалд орох эрсдэл их байдаг. Кальци, фосфорын хэмжээ ба үүсэлт багассанаар эдийн коллагены эрдэсжилт багасаж хүүхдэд сульдаа, насанд хүрэгчдэд яс зөөлрөх өвчнийг үүсгэх гол хүчин зүйл болдог байна. Яс сийрэгжихэд ясаар өвддөггүй харин яс зөөлрөх үед ясаар янгинаж өвдөх зовуурь илэрдэг ажээ.

Д амин дэмийн дутагдлаас яс сийрэгжих, яс зөөлрөх эмгэг үүсдэг. Судалгаагаар 60-аас дээш насныханд энэ эмгэг илүү ажиглагддаг. Д витаминыг нарны гэрэл, хоол хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмээр авдаг ч арьсанд нийлэгжих витамин Д-гийн шингээлт багасах, бөөрний эмгэг, удамшлын эмгэг зэрэг шалтгаанаар витамин Д-гийн дутагдалд ордог.

Мөн витамин Д-гийн илүүдэл гэж байдаг аж. Ийм тохиолдолд хордлого ховор тохиолдох ч санаандгүй ба санамсаргүй байдлаар витамин Д-г өндөр тунгаар агуулсан хоол хүнс хэрэглэхэд үүсэж болно. Тиймээс хэрэглэх тунг эмчийн заавраар ууна.

Витамин Д-гийн тунг хэтрүүлснээс цочмог хордлогын шинж илэрч хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, биеийн ерөнхий байдал сулрах, бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх шинж илэрнэ. Ийм шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
Зураг