Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Долдугаар сард Монголын нүүрсний экспорт жилийн өмнөхөөс 30 хувь өссөн ч зургаадугаар сарын дүнд хүрсэнгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Лхагва гарагт Хятадын Гаалийн Ерөнхий Газар долдугаар сарын импортын тоон үзүүлэлтүүдийг зарлажээ.

Үүнд өгүүлснээр Монголоос импортлодог нүүрсний хэмжээ долдугаар сард 2.26 сая тоннд хүрсэн нь жилийн өмнөх мөн үеэс 30 хувь өссөн дүн болсон байна. Гэвч өмнөх зургаадугаар сарын дээд амжилтад хүрээгүйг мэдээлжээ.

Монголын нүүрсний импортын өсөлтөд Хойд Солонгосын эдийн засгийн хориг, Хятадын төрийн өмчит Шеньхуа группын Өвөр Монгол дахь хоёр нүүрсний уурхайн түр зогсолт нөлөөлсөн ажээ.

Хятад улс өөрийн хамгийн том нүүрс нийлүүлэгч Австралиас долдугаар сард 7.47 сая тонн нүүрс импортлосон нь өмнөх оны мөн үеэс 4.4 хувь өссөн үзүүлэлт болсон байна.

Индонези улсаас өнгөрсөн сард 3.03 сая тонн нүүрс импортлосон нь өмнөх оны мөн үеэс 9 хувиар буурчээ. Мөн Оросоос импортлосон нүүрсний хэмжээ 1.64 сая тонн болсон нь 1.7 хувиар буурсан дүн болсон байна.

Хятадын өмнөд хэсгээр жилийн дунджаас дулаан өвөл болох шинжтэй байгаа тул нүүрсний эрэлт буурах төлөвтэй байгаа гэнэ. Бас Хятадын дотоодын нүүрс олборлолт долдугаар сард өмнөх сараасаа 4.5 хувиар буурсан нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хамгийн доод үзүүлэлт болсон байна.

 

Эх сурвалж: kitco.com