Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабвегийн тэргүүн хатагтай бусдыг зодсон хэргээр Өмнөд Африкийн шүүхэд дуудагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн иргэн 20 настай эмэгтэйн биед халдсан хэргийг шүүх хурал өчигдөр болоход хэргийн сэжигтэн Зимбабве улсын тэргүүн хатагтай Грэйс Мугабе оролцоогүй тухай BBC агентлаг мэдээлжээ. Тэргүүн хатагтай тус улсад байгаа эсэхийг Өмнөд Африкийн цагдаа мэдэхгүй байгаа гэнэ.

Өнгөрсөн сард автын ослын улмаас шагайгаа гэмтээсэн тэргүүн хатагтай эмчлүүлэхээр Өмнөд Африкийн БНУ-д ирээд байхад нь дээрх явдал тохиолджээ. Ням гарагийн орой Иоханнесбург хотын тансаг зочид буудалд хохирогч бүсгүй хоёр хүүтэй нь хамт байхад тэргүүн хатагтай орж ирээд цахилгааны уртасгагч залгуураар бүсгүйг ороолгон зодсон байна,

Тэргүүн хатагтайтай хамт 10 орчим бие хамгаалагч байсан ч тэд энэ халдлагад огт саад хийгээгүй гэж хохирогч мэдүүлжээ.

Эцэст нь бүсгүй тэргүүн хатагтайн гараас зугтаж, амь мултарсан байна. Хэргийн дараа Даваа гарагт Габриел Энгельс хэмээх хохирогч бүсгүй шүүхэд хандаж, гомдол мэдүүлжээ.

Эдүгээ 52 настай Зимбабве улсын тэргүүн хатагтай Грэйс Мугабе нь өөрөөсөө 41 насаар ах ерөнхийлөгч Роберт Мугабетай төрийн ордны бичээч байхаасаа эхлэн дотноссон. Ерөнхийлөгчийн анхны эхнэр эдгэшгүй өвчтэй байсан тул тухайн үед тэдний харилцааг хүлээн зөвшөөрч байжээ. Хатагтай Мугабе хоёр дахь удаагаа гэрлэж, 1996 онд тансаг хурим хийн, гурван хүүхэдтэй болсон юм.

Тансаг хэрэглээтэйгээрээ алдартай Грэйс Мугабег “Гучи Грэйс” хэмээн хочилдог. Зимбабве улсын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар АНУ, Европын Холбооны эдийн засгийн хоригт хамрагдаж, зорчих эрхгүй байдаг юм. 2014 оны есдүгээр сард PhD цол хүртсэн Мугабе хатагтай сарын дараа эрх баригч Зану ПФ намын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн болсон.

Тэрээр 93 настай өөрийн нөхөр, ерөнхийлөгч Роберт Мугабег нас барахад суудлыг нь залгамжлах хүслээ нуудаггүй ажээ.

 

Эх сурвалж: BBC