Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ-ын Хятадтай хийдэг худалдааны нөхцлийг шалгах ажлыг эхлүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Америк-Хятадын хооронд худалдааны дайн эхлүүлж болохуйц арга хэмжээг авлаа.

Тэрээр Хятадын зах зээлд нэвтрэх Америкийн компаниудад тавьдаг шалгуур нөхцлүүдийг шалгахыг үүрэг болгосон санамж бичигт гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурсныхаа дараа Трамп “Зах зээлдээ нэвтрүүлсний хариуд Америкийн компаниудаас үнэ цэнтэй технологийг нь хууль бусаар шилжүүлж авдаг ямар ч улс орны эсрэг бид тэмцэнэ” гэж хэвлэлд ярьсан байна.

“Америкийн ажлын байрыг булааж байгаа хуурамч бараа үйлдвэрлэл, оюуны өмчийн хулгайтай бид тэмцэх болно. Дэлхийн худалдааны системийн гадна үлдсэн Америкчуудыг бид хамгаалж, худалдааны шударга тэгш зарчмыг хэрэгжүүлнэ” хэмээн Трамп зорилгоо тайлбарлажээ.

Мэдэгдлийн үеэр Трампын хажууд АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтайзер байсан ба тэр уг шалгалтыг удирдах аж.

АНУ-ын Худалдааны Танхим Трампын шийдвэрийг дэмжин хамтарч ажиллахаар болжээ. Гарын үсэг зурах ёслолын өмнө тус танхим мэдэгдэл гаргаж “Хятад улс шинэ технологи, өөрийн нутаг дэвсгэр дэх гадаадын оюуны өмчийн хамгааллыг хүчээр шилжүүлж авдгаа зогсоох ёстой” гэж өгүүлсэн байна.

АНУ-ын Худалдааны Танхим нь Fedex, Citigroup, General Electric зэрэг гурван сая гаруй гишүүн байгууллагатай юм. Вашингтонд ийм арга хэмжээ авах сургаар Хятадын тал ч эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байна.

Трампын шийдвэрээс хэдхэн цагийн өмнө төрийн өмчийн Синьхуа агентлаг өөрийн нийтлэлд уг шалгалтыг “Хятад-Америкийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд хор хүргэж, Америкийн хэрэглэгчдийг хохироох аюултай” хэмээн шүүмжилжээ.

Шалгалт нь жил орчим үргэлжилж, АНУ-Хятадын хооронд дахин хэлэлцээр хийхэд хүргэж болзошгүйг Вашингтоны албаны хүн мэдээлсэн байна. Хэрвээ тохиролцоонд хүрэхгүй бол Дэлхийн Худалдааны Байгууллагаар маргаанаа шийдвэрлүүлэх ажил ч хэрэгжиж болзошгүй гэнэ.

1974 оны АНУ-ын Худалдааны Актын 301 дүгээр хэсгийн хүрээнд эхлүүлж байгаа шалгалт нь Дональд Трампын ерөнхийлөгч болсноосоо хойш Хятадын худалдааны эсрэг авч байгаа анхны томоохон арга хэмжээ юм.

 

Эх сурвалж: South China Morning Post