Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Лондоны Биг Бэн дөрвөн жил “дуугаа хураана”

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Лондон дахь парламентын ордны 157 жилийн түүхтэй Биг Бэн цамхаг ирэх Даваа гарагаас эхлэн дөрвөн жилийн хугацаанд дуугарахгүй болж байна.

Албан ёсны нэр нь Элизабетийн цамхаг гэгддэг уг цагтай цамхагт их засварын ажил хийх тул цаг тутамд дуугардаг аварга хонхыг нь зогсоох аж.

Засварын ажил хийх хүмүүсийн сонсголыг гэмтээхгүйн тулд ийм арга хэмжээ авч байгаа юм байна.

Хонх өдөр тутам дуугарахгүй ч онцгой баяраар, тухайлбал шинэ он солигдох мөчид дуугарч байх гэнэ. Ирэх дөрвөн жилийн хугацаанд цамхагт техникийн дэвшил нэвтрүүлэн цахилгаан өргүүр байрлуулж, эрчим хүчний ашиглалтыг нь хэмнэлттэй болгох арга хэмжээ авна. Мөн цагны нүүрийг цэвэрлэж, өнгийг нь сэргээх гэнэ.

Хамгийн сүүлд 2007 онд ээлжит засвар хийхэд хонх дуугарахаа завсарлаж байсан. Түүнээс өмнө 1983, 1985 онуудад мөн зогсож байжээ. 2013 онд ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн оршуулга болоход дуугаа хурааж байсан юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Лондон хотыг Германчууд бөмбөгдөж байхад ч цамхагийн хонх ажиллаж байсан ба зөвхөн дайсны нисгэгч нарт баримжаа болохгүйн тулд цагны нүүрийн гэрэлтэлтийг болиулж байжээ. Гэсэн хэдий ч 1941 оны агаарын довтолгооны үеэр цагны нүүр гэмтэж байсан түүхтэй юм.

Анх цагтай цамхагт хууль зөрчсөн парламентын гишүүдийг хорьж шийтгэдэг байсан юм байна. Хамгийн сүүлд 1902 онд эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн төлөө тэмцэгч Эммелин Пэнкхарстийг цамхагт хорьж байжээ.

 

Эх сурвалж: Quartz