Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

“КРЫМ” уран сайхны киног зөвхөн ОХУ, Беларусьт үзүүлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

2014 онд Крымийн хойгийг Украинаас салгаж, ОХУ-д нэгтгэсэн үйл явдлыг уран сайхны аргаар үзүүлсэн дэлгэцийн бүтээл ирэх сард олон нийтэд хүрэх гэж байна.

Оросын цэрэг, танк, онгоцнуудын хажуугаар хайр дурлалын түүхийг үзүүлсэн уг бүтээлд Кремль багагүй мөнгө зарсан гэнэ. Крымийг нэгтгэсэн үйл явдлыг “Зуун жилд нэг тохиох шийдвэр” хэмээн киноны трайлерт хэлдэг ажээ.

Хэдийгээр уг үйл явдлыг дэлхий дахинд түрэмгийлэл, хууль бус үйлдэл гэж нэрлэдэг ч ЗХУ задарсны дараа өөрийн эх орныг дэлхийн их гүрэн болж эргэн ирсний илрэл гэж Орост үздэг юм байна.

“Крым” киноны агуулга ч энэ бахархлыг үзүүлэхэд чиглэжээ. Кинонд Майданы хөдөлгөөнийг дэмжигч Киевийн залуу бүсгүй, Севастопольд амьдардаг, Оросын талыг баримтлагч залуу хоёрын хайр дурлалыг харуулдаг гэнэ.

Найруулагч Алексей Пиманов уг киног “Хүмүүс бид хэрхэн бие биенээ алахын оронд хайрлах ёстойг харуулсан бүтээл” гэж тодорхойлжээ.

Пиманов найруулагч Кремлийн үзэл суртлыг дэлгэрүүлэгчдийн хар жагсаалтад орсон хүн тул киног Украинд үзүүлэхгүй. Оросын дараа зөвхөн Беларусьт гаргах ажээ. Энэ сарын эхээр Беларусийн кино театруудаар трайлер нь гарахад Украины элчин сайд тус улсын гадаад хэргийн яаманд эсэргүүцлийн захидал илгээж байв.

Киног бүтээх анхны санааг ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу гаргаж, санхүүжүүлснийг Пиманов ярьжээ.

Ирэх онд болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин оролцож, дахин зургаан жил “хаан ширээнд” суух эрхээ авах гэж байгаа. Гуравдугаар сарын 18-нд сонгууль болох ба Крымийг нэгтгэсний дөрвөн жилийн ойтой давцаж байгаа нь сонгогчдын дунд эх оронч уур амьсгал бүрдүүлэх гэсэнтэй холбоотой гэнэ.

Крымийн хойг ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх Зөвлөлт Оросын БНУ-ын нэг хэсэг байсан ба 1954 онд Никита Хрушев салхаж, Украины БНУ-д нийлүүлсэн юм. Тиймээс Крымийн оршин суугчдын ихэнх нь өөрсдийгөө Украин гэхээсээ илүү Орос үндэстэн гэж үздэг. Харин нутгийн уугуул Татар иргэд ОХУ-д нэгтгэхийг эсэргүүцсээр ирсэн юм.

Гэвч “Крым” киноны найруулагч Пиманов “Крымд яг юу болсныг барууны олон хүн ойлгоогүй байна. Энэ бол ард түмний хүсэл байсан юм” гэжээ.

Эх сурвалж: The Guardian