Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хэл ярианы болон сонсгол, харилцааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан аппликейшн танилцууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Австралийн Гадаад харилцаа худалдааны хэлтсийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гар утасны аппликейшний туршилтын эхний хувилбарыг танилцууллаа.

Энэхүү аппликейшний зорилго нь хэл ярианы болон сонсгол, харилцааны бэрхшээлтэй хүмүүс дижитал платформ дээр тайлбар үгтэй зурган карт ашиглан бусадтай хялбархан харилцах боломжийг бий болгосон юм. Мөн энэ аппликейшн нь Монгол дохионы хэл суулгасанаар онцлог аж.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар "Бидний зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийг хоорондын харилцааны бэрхшээлийг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийн үндсэн хэрэгцээ хүсэл сонирхолоо илэрхийлэхэд дөхөм болж тэдэнд үргэлж байдаг айдас ганцаардлыг багасгах явдал юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэр дундаа хүүхдүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сайн сайхан амьдралын төлөө ажилладаг манай агентлагийн хувьд чухал асуудлын нэг юм" гэв.

Төслийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар ажиллаж байгаа Австралийн сайн дурын ажилтан Жасинта Харфорд болон гадаад харилцааны алба, Мэдээлэл технологийн үндэсний паркд ажиллаж буй Австралийн сайн дурын ажилтан Бенжамин Гибсон, Батхуяг нар хамтран бичсэн байна. Мөн төсөл Австралийн засгийн газрын тэтгэлэгээр хийгджээ. 

Аппликейшнийг хийсэн баг өнгөрсөн нэгдүгээр сараас хойш энэ төсөл дээр ажилласан бөгөөд цаашид сайжруулан хөгжүүлэх аж.

Аппликэйшн: Mongolian Sign Language

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар