Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

21.4 мянган өрхийн 9.2 сая малыг отроор өвөлжүүлэх хүсэлт иржээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 7 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

2017-2018 оны өвөлжилт, хаваржилт энэ жилийн зуншлагаас болж хүндрэх магадлалтай болоод байна гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Энэ талаар Мал эмнэлгийн үржлийн газрын дарга П.Ганхуяг “Аймгуудаас энэ онд 21.4 мянган өрхийн 9.2 сая малыг Сүхбаатар, Дорнодод отроор өвөлжүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

Монгол Улсын хэмжээнд 2016 оны эхээс 2017 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд 13 аймгийн 80 гаруй суманд шүлхий, мялзан, цэцэг зэрэг мал амьтны гоц халдварт өвчин гарсан. Өвсний гарц сайн байгаа Дорнод, Сүхбаатар зэрэг отрын гол бүсэд ч малын гоц халдварт өвчин гарсан юм.

Тиймээс энэ бүс нутагт отор хийх нь малын гоц халдварт өвчний гаралтыг эрс нэмэгдүүлэх магадлалтай. Тэгэхээр аймгийн Засаг дарга нар аль бүс нутагт, хэдэн мал отроор өвөлжүүлэх вэ гэдгээ нарийн тогтоож, яаралтай гэрээ, хэлцлээ байгуулах хэрэгтэй. Түүнчлэн сум, орон нутгаас гарч байгаа бүх малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж, дагалдах бичиг баримт бүрдүүлэх ёстой.

Отроор өвөлжих малыг хүлээн авч байгаа орон нутгийн удирдлагууд заавал энэхүү бичиг дээр үндэслэж бүс нутагтаа оруулах хэрэгтэй. Засгийн газар, ХХААХҮЯ-наас малын гоц халдварт өвчин гараагүй бүс нутгаас мах экспортод гаргах чиглэл барьж байгаа. Тиймээс малчид болон орон нутгийн удирдлагууд өвчин гараагүй бүс нутгаа хамгаалахад анхаарах ёстой” гэлээ.