Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

ЗУНЫГ НОМТОЙ ӨНГӨРҮҮЛЬЕ: 0-3 насны хүүхдэд байвал зохих 10 ном

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

iKon.mn сайт Монсудар хэвлэлийн газартай хамтран “Зуныг номтой өнгөрүүлье” номын цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Өмнөх хоёр дугаартаа өсвөр наснынханд зориулсан шинэ номын нийтлэл болон Хүүхдээ хэрхэн НОМ УНШИХ ДУРТАЙ болгох вэ? зөвлөгөөг хүргэсэн бол энэ удаа бага насны хүүхдэд ямар ном сонгох, ном хүүхдийн хувьд ямар үүрэгтэй тухай нийтлэлийг 10 номоор жишээлэн хүргэж байна.

Хүүхэд төрөөд анх хорвоо ертөнцтэй танилцаж байгаа энэ үед зөв ном сонгох нь хамгийн чухал байдаг. Хэдийгээр энэ насны хүүхэд ном гэж таньж мэдэхгүй ч гадаад ертөнцтэй харьцуулах чадвар нь сууж эхэлдэг.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн ном гэдэг ойлголтыг уншиж сурах үеэс эхлэлтэй гэж ойлгодог нийтлэг алдаа байдаг ч хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь ном уншиж өгөх ёстой гэсэн үзэл санаанууд мөн бий. Гэвч та зургаан сартайгаас нь хүүхдэдээ зайлшгүй ном хэрэглүүлж эхлэх ёстой.

Доорх номууд нь энэ насны хүүхдийн танин мэдэхүйн онцлог, ойлгох чадварт нийцсэнээс гадна тэднийг хөгжүүлэх дэмжих үүрэгтэй.  Аливаа зүйлийн анхны ойлголтуудыг өгөх, хүүхдийг идэвхитэй байдлыг өдөөх зэрэг нь энэ насны хүүхдийн номын онцлог юм.


0-3 нас
  • Миний хүрч мэдэрдэг ном “Амьтад” – Энэ ном нь хүүхэд номын хуудсыг эргүүлж үзэх, хүрч мэдрэх, харж таних, нэрлэж заах гэх мэтээс гадна хүүхдийн хэрэглээнд нийцсэн эрүүл ахуйн болон аюулгүй байх зэрэг шаардлагад нийцсэнээрээ байвал зохих номын жагсаалтыг тэргүүлдэг.
 

 

 

  • Миний анхны ном цуврал “Миний гэр”- Орчинтой танилцуулах, шинэ үг хэллэг сургах зорилгоор хүүхдийн өдөр тутмын амьдралд тохиолддог үйл явдлууд, орчин тойрны эд зүйлсийн тухай
 

 

  • Гэдэс нь өлссөн авгалдай – Эрик Карлын энэ бүтээл нь хүүхдийн шилдэг 10 номын нэгд зүй ёсоор тооцогддог. Авгалдай хэрхэн үзсэгэлэнт эрвээхий болж байгаа өсөлт бойжилтын явцыг дүрслэлийн өвөрмөц шийдлээр үзүүлдэгэээрээ танин мэдэхүйн ач холбогдолтой төдийгүй давтажит үг хэллэг нь хүүхдийн ой тогтоолт, хэл ярианы хөгжилд нэн тустай.
 

 

  • Асуудал шийдвэрлэх цуврал- “Ий ий - Уйлдаггүй хүүхэд” - Хүүхэд бүхэн үргэлж ээж аавтайгаа хамт байхыг хүсдэг. Та анх удаа цэцэрлэгт явж байгаа бяцхан хүүхэдтэйгээ энэхүү номыг хамтдаа уншиж тэдний бишүүрхэх хугацааг богиносгож, дагаж уйлах зуршлаас нь эртхэн салгаарай. Хүүхдийн дасан зохицох хугацаа харилцан адилгүй тул та хүүхдээ үргэлж урмаар тэтгэж, харилцан ярилцаж байхыг танд зөвлөе.
 

 

  • 365 үдэш – Үлгэр сонсож өссөн хүүхэд аливааг хайрлахын учрыг ойлгож өсдөг. Энэ номд монгол ардын болон дэлхийн олон үндэстнүүдийн сонирхолтой алдартай үлгэрүүдээс хүүхдийн сэтгэхүй анхааралд төвлөрөлтөд нийцүүлэн найруулж бичсэн. Өдөр бүр хүүхэд үлгэр сонсох, эцэг эхчүүд үлгэр уншиж өгөх дадал хэвшлийг бий болгосноор соёл болж улмаар уламжлал болж тогтдог. Үр ачдаа, хойч үедээ өвлүүлэх эрхэм соёлыг та өөрөөсөө эхлүүлээрэй.
 

 

  •  Бид хөгжим тоглож байна – Гэрэл мэдэрч дуугардаг ном нь хуудас дээрх жижигхэн сөхдөг хуудасны дороос шинэ үг хэллэг, шинэ зүйлийг ажиглан олж мэдэхээс гадна хүүхдийн ой тогтоолтыг сайжруулж ярьж сурах явцыг дэмжих зорилготой. Мөн үгийн санг баяжуулах, харилцан ярих, өөрөө зохион ярих чадварыг дэмжинэ.
 

 

  • Амьтад /дуугардаг ном/ - Энэ насны хүүхдийн хамгийн дуртай зүйлс бол амьтад. Хэлд орохоосоо өмнөх үед амьтдын дуу чимээг дууриах, тэднийг үйл хөдлөл, нэр дуугаар нь таниж ялгаж танин мэдэхүйн анхны үйл явц явагдаж байдаг. Энэ үед нь та хүүхдийнхээ хөдөлгөөн болон дуу авиагаар дамжуулж хэл яриаг нь дэмжихэд энэ ном танд туслах болно.
 

 

  • Өнгөний тухай миний анхны ном – Хүүхэд үндсэн хэдхэн өнгийг мэдэж ялгах болтлоо нэлээд хугацаа шаарддаг. Харин тод өнгөтэй дуу чимээ гаргадаг бүхнийг маш сайн ялгаж харна. Энэ ном нь тэдний сайн мэдэх зүйлсийг өнгөөр ялгаж зурсан нь харааны ой тогтоолтыг дэмжих, таниулах зорилготой.
 

 

  • Миний анхны дууны ном – Бидний сайн мэдэх “Маамуу нааш ир”, “Цэцэрлэгтээ явна даа”, “Чигчийхэн чинээ биш дээ”гэх мэт олон дуунууд энэ номын цомогт багтсан. Хүүхэд дуучин дагаж дуулахаас гадна өөрөө хөгжимтэй хамсран дуулах нь  хүүхдийн хэмнэл, мэдрэмжийг хөгжүүлж байдаг. Хэмнэлээ олж мэдрэх нь хүүхдийн тархины хөгжилтэй холбоотой байхаас гадна тэдэнд орон зай цаг хугацааны ойлголтыг өгч байдаг.
 

 

  • Миний анхны шүлгийн ном – Энэ номд багтсан шүлгүүд нь бага насны хүүхдийн хэл ярианы онцлогт тохирсон, давталттай богино үгнүүдээс бүтсэн амархан ойлгомжтой байхаас гадна шүлгүүдийн сэдэв ч мөн адил хүүхдийн хамгийн сайн мэдэх зүйлсийн тухай өгүүлсэн байгаа.
 

 

Эх сурвалж: Монсудар хэвлэлийн газар