Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЭГДЭЛ

ikon.mn
2017 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтой халдах Зөрчлийн тухай хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Глоб Интернэйшнл Төв энэ хуультай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ.  iKon.mn сайт тус мэдэгдлийн агуулгыг дэмжиж бүрэн эхээр нь нийтлэв. 


- МЭДЭГДЭЛ -

2017 оны 7 дугаар  сарын 01                                                                                                                                                        

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль ӨНӨӨДРӨӨС  хэрэгжиж эхэллээ.

Тус хуулийн 6.21-р зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан.

УИХ-аас нэр төр гутаахтай холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуулиас хассан нь хэвлэл мэдээллийн зөрчлийг Иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэдэг олон улсын хэм хэмжээнд нийцсэн алхам байсныг бид дэмжсээр ирсэн, өнөөдөр ч бид дэмжиж байна.

Харамсалтай нь энэ зохицуулалт Зөрчлийн тухай хуульд буцаад тусгагдсан нь аливаа нэгэн шүүмжлэлт илэрхийлэл нь нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдэл болж, зарим тохиолдолд тухайн хувь хүн, байгууллагыг оршин тогтнох боломжгүй болгох хүртэл нөлөөлж болохуйц, ялангуяа улс төрчид, өндөр албан тушаалтны сэтгүүлчдийг айлган дарамтлах хэрэгсэл болгон ашиглаж болох нийгэмд халтай үр дагавар хэвээр үлдээж байна гэж бид үзэж байна.

Шинэ хууль нь олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой ч хамрах хүрээ, нэр томъёо, хариуцлага тооцох этгээдийг нарийвчлан тодорхойлоогүйгээс “гутаан доромжилсон” гэдгийг хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан тодорхойлох болж байгаа нь хуулийн заалтыг хэтрүүлэн хэрэглэхэд хүргэж болзошгүй тул энэ чиглэлээр Дээд шүүхийн тайлбарыг гаргахыг ШААРДАЖ БАЙНА.

Хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэн нийтэлсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулинд заасан байдаг бөгөөд Зөрчлийн хуулиар хувь хүн, байгууллагыг торгоно гэж байгаа нь сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагад хариуцлагыг давхардуулан хүлээлгэх эрсдлийг дагуулж, сэтгүүлчдийг айдас хүйдэст автуулан байдлыг бодитоор мэдээлэхээс түдгэлзэхэд хүргэж, хэвлэл мэдээллээр дамжуулан эрх мэдлийг хянах иргэний эрх хохирох аюулыг авчирна гэж харж байна.

Маргааныг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хаан боогдуулах аргаар шийдвэрлэх зохисгүй уламжлал ардчилсан Монголын нийгэмд оршин тогтнох орон зайтай байж болохгүй. Ийм уламжлалыг цаашид хадгалан үлдээж бас болохгүй.

Харин үүнийг хэвлэл мэдээллийнхэн үүргээ гүйцэтгэх явцдаа хил хязгаарыг давж байгаа асуудлыг олж харж, шүүмжилж, шаардлага тавихдаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хааж боогдуулахгүйгээр шийдвэрлэдэг зохицуулалтаар халах ёстой.

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа хэвлэл мэдээллийн сайн дурын өөрийн зохицуулалт нь ардчилсан засаглалтай улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын хэмжээнд туршигдаж, үр дүнгээ өгсөн зөрчлийг шийдвэрлэх арга механизм юм.

Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагын оршин тогтноход хор хохирол үзүүлсэн, дарамт шахалт болсон арга хэмжээний оронд алдаагаа засах, олон нийтийн өмнө уучлал гуйх хэлбэрээр илэрхийлэгддэг. Бусдын нэр төр, алдар хүндэд ноцтой халдсан бол энэхүү үйлдлээ олон нийтийн өмнө өөрөө мэдэгдэж, тухайн хэвлэл мэдээлэл хариуцлагаа хүлээж буйгаа харуулах ёстой байдаг. Өөрийн зохицуулалт нь хэвлэл мэдээллийг төрийн хяналтаас иргэд, олон нийтийн хяналтанд шилжүүлэх үйл ажиллагаа гэдгийг ойлгон дэмжиж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгуулагын эсрэг гаргах гомдлоо эхлээд МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛД гаргахыг ёс зүйтэй, хариуцлагатай хэвлэл мэдээллийг, хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэгч АРД ИРГЭДДЭЭ УРИАЛЖ БАЙНА.

Сэтгүүл зүйн мөн чанар, ёс зүйг дээдэлдэг Монголын олон мянган сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлагын хүсэл зориг, эрмэлзэлийн үр дүн болох Монголын Хэвлэл Мэдээлийн Зөвлөл байгуулагдаад ГУРВАН ЖИЛ болж байна. Энэ хугацаанд тус зөвлөл нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас 90 хэвлэл мэдээллийн байгууллагад хаягласан 30 гомдлыг шийдвэрлэсэн нь өөрийн зохицуулалтын тогтолцоог нийгэмд хүлээн зөвшөөрч буйг харуулж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакциуд нь иргэдийн ирүүлсэн гомдлыг нухацтай авч үзэж, ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө тухайн иргэдээс уучлал хүсэх, алдаатай мэдээллээ залруулах соёлыг төлөвшүүлж эхлээд байна.

 

МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ

ГЛОБ ИНТЕРНЭЙШНЛ ТӨВ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.