Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн элэг, зүрх судасны эмч нар Монгол иргэдэд үнэгүй үзлэг оношилгоо хийнэ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн Jaypee эмнэлэг Хавдар Судлалын Үндэсний Төвтэй хамтран ажиллаж, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болон элэг шилжүүлэн суулгасны дараах өвчтөнүүдийг удаан хугацаанд өвчингүй амьдрах боломжийг бүрдүүлэх хөтөлбөр бүрдүүлэн ажиллахаар болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Jaypee эмнэлгийн эмч Рэнү Тяги "Jaypee эмнэлэг нь зүрх, бөөр, элэг, хавдар, гэмтэл, хоол боловсруулах эрхтэн судлал, эрхтэн шилжүүлэн суулгах олон төвүүдтэй. Манай эмч нар эрүүл мэндийн үйлчилгээг хүнлэг чанарын хамт үзүүлэх эрмэлзэлтэй. Яаралтай тусламжийн ажилчдын баг маань өвчтөнүүдэд өөриймсөг хандан, тэдний зовлонг ойлгон, үйлчилгээ үзүүлдэг.

Дэлхийн олон орноос өвчтөнүүд Jaypee эмнэлэгт ирж, эмчлүүлж, бидэнд итгэл үзүүлдэг. Эмнэлгийн болон яаралтай тусламжийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад зориулан анагаахын мэдлэгийн солилцох замаар Монголын эмнэлгүүдийг бүрэн дэмжих болно"гэв.

Jaypee эмнэлгийн Элэг шилжүүлэх багийн ахлагч, мэс заслын эмч Абхидип Чаудхари "Элэгний өвчлөлийн тохиолдол дэлхий даяар нэмэгдэж байна. ДЭМБ-ийн сүүлийн үеийн мэдээллээр элэгний өвчлөлийн тохиолдол дэлхийн дундажтай харьцуулахад Монголд өндөр байна. ДЭМБ-ийн мэдээллээр 10 нас баралтын 1 нь элэгний хорт хавдар эсвэл үүний урьдал өвчин болох циррозын шалтгаантай байна.

Монгол циррозын нас баралтаараа дэлхийд эхний 3-т орж байгаа нь вирусын гепатитийн тохиолдол өндөр байгаагийн үр дүн юм. Элэгний өвчин (В болон С вирусын шалтгаант гепатит) нь нас баралтын шалтгаанаар зүрхний титэм судасны өвчлөлийн дараа хоёрдугаарт орж байна.

Элэгний хавдар нь Монголд өндөр тохиолдолтой хавдар бөгөөд жилд 1,900 орчим хавдар оношлогдож байна. Монголын хавдартай өвчнүүдийн нас баралтын гол шалтгаан болох ба нийт хавдартай өвчтөнүүдийн зөвхөн 15 хувь нь мэс засал, эсвэл элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх, эмчлэгдэх боломжтой үе шатанд оношлогдож байна.

Jaypee эмнэлэгт хүүхдийн болон насанд хүрэгчдийн бүх төрлийн элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийдэг. Мөн хүнд хэлбэрийн тохиолдлууд болон элэгний хоёр дэлбэн шилжүүлэн суулгалт, дахин элэг шилжүүлэн суулгах, АВО бүлэг таараагүй үеийн элэг шилжүүлэн суулгалт гэх мэт тохиолдлуудыг хийдгээрээ туршлагатай. Бидний амжилт өвчтөнүүдэд 96%, доноруудад 100%-тай байдаг" гэв.

Medzul Health-ийн Пради Раши "Бид ХСҮТ-тэй хамтран ажиллах гэрээ хийсэн. Энэхүү Санамж бичиг нь Монголын эмч болон яаралтай тусламжийн эмч нарыг сургах, тэдэнтэй мэдлэг, туршлагаа хуваалцах үүд хаалгыг нээх болно. Өмнө нь бид ХСҮТ-тэй голчлон элэг шилжүүлэн суулгах тал дээрх хамтран ажилладаг байсан. Харин одоо ХСҮТ-тэй бүх төрлийн хавдрын өвчлөлийн эмчилгээнд хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Хүүхдийн зүрх судлалын хувьд ЭХЭМҮТ болон ШНУГТЭ-тэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Бид эдгээр эмнэлгүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. Jaypee эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, технологийг ашигладаг. Одоо Монголын эмч, яаралтай тусламжийн эмч нар Jaypee эмнэлэгт зочилж, олон төрлийн нарийн мэргэжлээр мэргэшсэн эмч нарын доор сургалтад сууж, ажиглагчаар оролцох боломжтой боллоо. Энэ нь Монголын эмчилгээний чанарыг дээшлүүлж, өвчтөнд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах болно" хэмээн ярилаа.