Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын IT инженерүүд анх удаа санхүүчдээс өндөр цалин авдаг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-д Цахиурын хөндийн мэргэжилтнүүд Уолстритийн санхүүчдээс өндөр цалин авдаг болсон хандлага Хятадад бас ажиглагдаж эхэлжээ.

Хятадын үндэсний статистикийн хороо 2008 оноос эхлэн эдийн засгийн салбаруудын цалингийн хэмжээг харьцуулан судлах болсон юм байна. Тэгвэл ингэж эхэлснээс хойш анх удаа өнгөрсөн онд мэдээллийн технологийн инженерүүдийн цалин банк, санхүүгийн салбарынхнаас давж гарсан тухай тус хороо мэдээлжээ.

2016 онд Хятадын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн жилийн цалин дунджаар 122,478 юань ($18,000 орчим) болсон бол банк, санхүү, даатгалын ажилтнуудынх 117,418 юань байсан гэнэ.

Санхүүгийн салбар цалингийн хэмжээгээр найман жил дараалан Хятадад тэргүүлж байсан бөгөөд банканд ажилд орохыг “алтан аягатай будаа” олохтой адил гэж ярьдаг байв. Гэвч сүүлийн жилүүдэд энэ салбарын нөхцөл сайнгүй байгаа. Өнгөрсөн онд Хятадын төрийн өмчит дөрвөн том банк нийтдээ 19,000 ажлын байрыг цомхотгосон байна.

Харин үүнтэй зэрэгцээд тус улсын мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжиж байгаа юм. Хөдөө аж ахуй, газар тариалан, загасны аж ахуй, ойн аж ахуйн ажилчдын цалин хамгийн бага буюу дунджаар жилийн 33,612 юань орчим байжээ.

Харин дундаж цалин нь хамгийн өндөр өсөлттэй байсан салбарт төрийн байгууллагууд, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүлийг хамгаалах багтаж байгааг судалгааны тоо баримт харуулсан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post