Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Макрон, Путин нар Петр хааны айлчлалын 300 жилийн ойгоор уулзах гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Францын шинэхэн сонгогдсон ерөнхийлөгч Эммануэл Макрон өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Версалийн ордонд хүлээн авч уулзах гэж байна.

Ерөнхийлөгчийн албыг хашиж эхлээд сар болоогүй байгаа Макрон их Петр хаан 1717 онд Францад айлчилж байсан түүхэн үйл явдлын 300 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд Путиныг урьсан юм. Айлчлалын талаар Макрон мэдээлэхдээ “Би Орос орныг хүндэтгэдэг. 300 жил үргэлжилсэн дипломат харилцааны хүрээнд би ерөнхийлөгч Владимир Путиныг урьсан юм” гэж ярьжээ.

Тэрээр Сирийн, Украины зэрэг олон асуудлыг шийдэхэд Оросын оролцоо чухлыг онцлон “Дэлхийн хэмжээний олон асуудлыг Оросгүйгээр шийдэх боломжгүй” гэж Бямба гарагт хэлсэн байна. Гэхдээ Макрон бас Путинтай хатуу яриа хэлэлцээр өрнүүлнэ гэдгээ нуугаагүй юм. Макрон сонгуулийн сурталчилгааныхаа туршид Оросын гадаад бодлогыг шүүмжилж байв. Путин 2016 оны аравдугаар сард Франсуа Олландын үед Францад айлчлах гэж байсан ч Сирийн асуудлаас үүдэлтэй маргаанаас болоод айлчлалаа цуцалж байжээ.

Хэдийгээр Парис-Москвагийн хооронд зөрчилтэй асуудлууд байгаа ч Макроныг сонгуульд ялсны дараа Путин хамгийн түрүүнд баяр хүргэсэн удирдагч нарын нэг болж “олон улсын тогтвортой байдлын төлөө хамтарч ажиллахыг” Макронд уриалж байв.

 

Эх сурвалж: Russia Today