Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Алтаар эргүүлэн төлөх зээлийг зогсоов

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Аливаа улсын валютын нөөц хангалттай байх нь эдийн засгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой. Манай улсын хувьд валютын нөөц нэмэгдүүлэх нэг эх сурвалж нь алт болдог. Өнгөрсөн жилүүдэд Монголбанк валютын нөөцийг алтаар төлөх нөхцөлтэй зээл авч нэмэгдүүлж байсан. Тодруулбал,  Монголбанк гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас алтаар эргүүлэн төлөх нөхцөлтэй зээлийг 2014, 2015 онд авч байжээ. Уг зээлийн эргэн төлөлтөд 2015-2016 онуудад Монголбанк нийтдээ 12.1 тонн алтыг ачуулсан байна. 

Хэдийгээр тухайн үедээ валютын нөөцийг нэмэгдүүлэхээр ийм зээлийг авч байсан ч нөөц нэмэгдүүлэх бус харин ч эсрэгээрээ богино хугацаатай, өндөр хүүтэй зээл нь валютын нөөц дээр дарамт болж байсан гэдэг. Тийм учраас эдийн засгийн ач холбогдолгүй, үр ашиггүй зээл авалтыг Монголбанкны шинэ удирдлагууд 2016 онд багтаан төлж дуусгав. Мөн цаашдаа ийм төрлийн зээл авахгүй гэдгээ мэдэгдээд байна. Мэдээж тодорхой цаг хугацаанд бодлогын алдаа гарсан байж болно. Харин алдаагаа засч, залруулаад, дахин давтахгүй байна гэдэг чухал. Энэ утгаараа Монголбанкны шинэ удирдлагууд өрийг богино хугацаанд төлж барагдуулсан нь сайн хэрэг.

Эргэн сануулахад Монголбанк 2014 онд 60 сая ам.доллар, 2015 онд 160 сая ам.долларыг гадаадын банкуудаас зээлж байсан. Уг зээл нь нэг жилийн хугацаатай, 9.3 хүртэлх хувийн хүүтэй. Мөн хоёр сар тутамд эргэн төлөлт хийгдэж байсан гэдэг.Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор зээл авсан ч хоёр сар тутамд алтаар төлөх байдлаар валютын нөөц дээр “хасах дүн” авч байжээ.

Цаашдаа Монголбанк валютын нөөцийг зээл авч бус мөнгөний зохистой бодлогыг хэрэгжүүлэх замаар төл тавилгүй нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Түүнчлэн дотоодын алт олборлолтыг нэмэгдүүлэх замаар нөөцийг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны 12 дугаар сараас эхлэн алтыг Лондонгийн металлын биржийн хамгийн сүүлд зарлагдсан ханш буюу дэлхийн зах зээлийн үнээр худалдан авч эхэлсэн.

Алт тушаалт 2016 онд 18.6 тоннд хүрч, түүхэн дээд амжилтаа тогтоосон. Харин 2017 оны эхний 4 сарын байдлаар 3.3 тоннд хүрлээ. Монголбанкны тооцоолсноор энэ онд алт худалдан авалтын хэмжээ 20-25 тоннд хүрэх боломжтой бөгөөд энэ нь өнөөгийн ханшаар хөрвүүлбэл 800 орчим сая ам.доллартай тэнцэх юм.