Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чулуунхүү: Монголчууд Австралид аялангаа ажиллах боломжтой болно

Ч.Болортуяа
2017 оны 5 сарын 9
iKon.MN
 

Австралийн Засгийн газар 1994 оноос хойш Монгол Улсын иргэдэд сургалтын тэтгэлэг олгосоор ирсэн. Эдүгээ манай 550 гаруй иргэн тус хөтбөлбөрийн хүрээнд Австралид боловсрол эзэмшээд байгаа талаар Гадаад Харилцааны Яамны сайтад мэдээлжээ. 

Австрали Улс 2014-2015 санхүүгийн жилд 16.9 сая ав.доллар, 2015-2016 оны санхүүгийн жилд 10.3 сая ав.долларын буцалтгүй тусламж үзүүлж, 2016-2017 санхүүгийн жилд 10 сая ав.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр төсөвлөжээ. Нийт тусламжийн 70 гаруй хувь нь боловсролын салбарт Австралийн Засгийн газрын тэтгэлгийн хэлбэрээр ногдож байна. 

Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түвшинг “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хэмжээнд хүрсэн гэж үздэг аж.

Австрали Улсаас Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 83 сая авст.доллар (Австралийн талын мэдээ, 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар) гэж ГХЯ мэдээлжээ. 

График 1, (Экспорт, импорт)

  • Монгол Улсаас Австралид улс руу хийдэг экспортын гол бүтээгдэхүүн: Машин тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги, бордоо, целлюлоз г.м.
  • Монгол Улсад Австралиас ирдэг импортын гол бүтээгдэхүүн: Машин тоног төхөөрөмж, амуу соёолж, тээврийн хэрэгсэл, химийн бодис г.м

Монголд Австралийн 60 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Үүний дотор Рио Тинто, CIMIC, McMahon Holdings, Minter Ellison, Allens Linklaters, Macquiare Bank, CPS Securities, Garrison Capital нарыг дурдаж болно. 

Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болон, Австрали дахь Монголчуудын тухай, мөн энэ улс руу зорчихдоо юуг анхаарах талаар Монгол Улсаас Австрали Услад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүүтэй сэтгүүлчид цөөн хором ярилцсанаа хүргэж байна. 


- Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг хэдхэн үгээр хэрхэн үнэлж, дүгнэж болох вэ?

Манай ардчилал, чөлөөт зах зээлийн замыг сонгох үеэс л Австрали Улс гар сунган буцалтгүй тусламж олгож эхэлсэн бөгөөд хөгжлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэн дэмжиж ирсэн. Тухайлбал, Монголын төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх хүрээнд хэрэгжиж эхэлсэн Австралийн Засгийн газрын боловсролын тэтгэлгийн хөтөлбөрийн үр өгөөжийг  үнэлж баршгүй юм.

Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт жилээс жилд өргөжиж, өргөн хүрээтэй түншлэлийн хэмжээнд хөгжиж буй хэмээн дүгнэн хэлж болно. Монгол, Австрали Улс олон улсын тавцанд ч бие биенээ дэмжин бүс нутгийн тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн төлөө идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд Хоёр тал өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг бий болгосноос гадна улс төрийн яриа хэлэлцээний гол механизм болсон ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж чадсан.

Монгол Улс нь Австрали Улстай найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжлүүлэхийн тулд 2008 онд ЭСЯ-аа Канберра хотноо нээсэн. Үүний дараахан Австрали Улс Худалдааны төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотод нээж байсан бөгөөд удалгүй Ерөнхий консулын газар болгон өргөтгөөд 2015 онд ЭСЯ-аа нээсэн нь Монгол, Австралийн харилцаа хоёр талын ашиг сонирхолд нийцэн эрчимтэй хөгжиж буйн тод жишээ юм.

Харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг хадгалах, цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд талууд санаачилгатай ажиллаж буй ийм үед 45 жилийн ой тохиож байна даа.

- Монголчууд Австралид аялангаа ажиллах боломжийг та эрэлхийлж байгаа тухай мэдээлэл өгч байсан. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
- Хоёр улс сүүлийн гурван жилийн хугацаанд энэ асуудлаар яриа, хэлэлцээ хийж байна.  Австралид жуулчнаар ирсэн зарим орны иргэн 1-3 сарын хугацаатайгаар ажиллаад замын зардал зэргээ нөхөх бололцоотой байдаг. Энэ хуулийнх нь дагуу монголчуудыг мөн аялангаа ажиллах боломжийг эрэлхийлж байна. Энд хувийн шугамаар ирж байгаа монголчууд маань Австралид нэвтрээд хамгийн дээд тал нь гурван сар амьдрах эрхтэй ч тэр хугацаандаа ажиллах эрхгүй байдаг. Тиймээс ажиллах эрхийг нээхээр хоёр тал хэлэлцээ хийж байна. Хэлэлцээ сүүлийн шат руугаа орсон. Хоёр талын холбогдох яамд үүн дээр ажиллаж байна. 

Өнөөдрийн зохицуулалтаар Австралид жуулчлалын гурван сарын хугацаатай визээр ирчихээд хууль бусаар ажил хийх юм бол хяналтын байгууллагуудад баригдах магадлал маш өндөр. Баригдах юм бол энэ улс руу дахиж орж ирэх боломжгүй болдог. 

- Австралид та гурван бүлэгт хувааж болох монголчууд байна гэж ярианы эхэнд хэлж байсан. Үүнийгээ тайлбарлахгүй юу?
- Иргэдээ бүлэг энэ тэрд хуваах эрх надад байхгүй. Гэхдээ тэдэнд тавих анхаарал, дэмжлэг талаасаа гурван бүлэгт хувааж харж болох юм. 

Австралид өнөөдөр 4,500 гаруй монгол хүн сурч, ажиллаж амьдарч байна. Сиднейд гэхэд өдөр бүр 20 орчим монгол хүн онгоцноос бууж байна гэсэн тооцоо бидэнд бий. Манайхан ЭСЯ-ндаа тэр бүр бүртгүүлэх гэж яардаггүй учир хилийн байгууллага энэ тэрээс авсан багцаа тоо л доо. 

За, одоо тэр гурван бүлэг гэдгээ тайлбарлая. 

Нэгдүгээр бүлэг нь, энд таваас дээш жил ажиллачихсан, оршин суух эрхтэй, манайхны хэлдгээр хөлөө олчихсон хүмүүс байна. Хоёрдугаарт, Австралийн Засгийн газрын тэтгэлгээр гэр бүлээрээ, эсвэл ганцаараа сурч байгаа хүмүүс байна. Энэ хүмүүсийн амьжиргаа, сургалтын зардал бүгд цаанаасаа,  ирэх, буцах хугацаа нь ч тодорхой. 

Харин гурав дахь бүлэг буюу хувиараа сурах гээд ирж байгаа хүмүүс байна. Ганцаараа, гэр бүлээрээ ирээд амьдрах гэж хичээж буй хүмүүсийг энэ бүлэгт багтаан харж болно. Магадгүй цаашдаа нэгдүгээр бүлэгт хамрагдах хүмүүс ч энэ дотор бий. ЭСЯ юуны түрүүн энэ хэсгийн хүмүүстээ л анхаарал тавьж, дэмжиж ажиллах ёстой гэж боддог. Гэхдээ эхний хоёр бүлгийг орхино гэсэн үг огт биш шүү.

Сайн сайхан яваа монголчууд энд олон бий. Барилгын компани байгуулаад монголчуудаа голцуу ажиллуулдаг хүн байна. Австралид өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнээ хүртэл гаргаж байгаа хүн ч байна.

Миний хувьд энэ улсад сургуульд сураад 11 жилийн өмнө буцаж байлаа. Намайг сурч байх үед Австралид ердөө 100 гаруйхан монгол байсан бол энэ тоо өнөөдөр таван мянга руу дөхөж явна.

"11 жилийн өмнө Австралид 100 гаруйхан монгол байсан бол өнөөдөр энэ тоо таван мянга руу дөхөж байна"

Энэ сайхан оронд олон, олон монгол ирж сурч, ажиллаасай гэж би хүсдэг байсан. Тэр мөрөөдөл маань эхнээсээ биелж байна. Энд олон монгол хүн ирээсэй гэдэг нь эх нутгаа орхиод гараад ир гэсэн үг биш юм шүү. Монголчууд бид гадны өндөр хөгжилтэй танилцаж, сурч мэдсэн зүйлээ эргээд эх нутагтаа ашиглах нь чухал юм. 

- Гуравдугаар бүлэгт багтах хэчнээн Монгол байна вэ?
- 3,000 орчим бий. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, Австралид ганц биеэр ирээд сураад, ажиллаад амьжиргаагаа залгуулаад төлбөрөө олно гэдэг худлаа. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа зуучлалын компаниуд ажиллаад, сураад амьдрах боломжтой гэж буруу мэдээлэл өгдөг. Энд оюутан хүн долоо хоногт 20 цагт ажиллах боломжтой. 

Долоо хоногт 20 цаг ажиллаад өөрийнхөө амьжиргааны зардлыг л олно. Түүнээс сургалтын төлбөрөө олж чадахгүй. Харин гэр бүлээрээ ирвэл нэг нь ажиллаад, нөгөөх нь сураад байх бололцоотой. 

- Австралийн Засгийн газар гэр бүлийн хүмүүст хамтад нь виз гаргах магадлал их байдаг учраас манай монголчууд ч гэр бүлээрээ энэ орныг илүү сонирхож, зорьж байх шиг байна. 
- Гэр бүлийн хоёрын нэг нь сураад, нөгөөх нь ажиллах боломжийг эдний Засгийн газар бодлогоор дэмждэг гэж хэлж болно. Юу гэхээр сурахаар ирсэн оюутан удалгүй төлбөрөө төлөх боломжгүй болох эрсдэлтэй учир эхнэр, нөхөр аль нэгэнд нь ажиллах виз олгодог. Мөн гэр бүлээрээ ирж байгаа хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь ч бага байдаг гэж үздэг юм билээ. 

- Австралид байгаа монголчууд бие биедээ туслах их сонирхолтой, холбоо харилцаа сайтай байдаг нь анзаарагдлаа. Энэ юутай холбоотой вэ. Бусад оронд чинь манайхан бие биенээ харахаар зугтах нь холгүй байдаг даа. 
- Энэ улсад буруу, зөрүү яваа монгол ховор. Хэн нэгэн ирээд намайг шаналгачихна гэдэг ойлголт бараг байхгүй. Монголчууд нэг нэгнээсээ зугтах шалтгаан энд байхгүй. Гэхдээ олон болох тусам юу болохыг би хэлж мэдэхгүй. 

- Австралид ирэхийг хүсч байгаа монголчуудад хандан та ямар зөвлөгөө өгөх вэ?
- Австралид сурахаар ирэхэд л боломж их байгаа. Одоогийн байдлаар дадлагажигч ажилтан авах зэрэг боломж байхгүй. Хоёр улсын хооронд албан ёсоор зурагдсан ямар ч тийм баримт бичиг байхгүй. Мөн энд сурахаар ирэхдээ зөвхөн албан ёсны зуучлалын байгууллагаар дамжуулах ёстой. 

Журам нь ч тийм байдаг. Хамгийн гол нь оюутан Австралид ирээд сургуульдаа хамрагдаад төлбөрөө төлсөн тохиолдолд түүнээс нь зуучлалын агентлагууд өөрсдийн зуучлалын төлбөрөө авдаг. Гэтэл Монголын зарим зуучлагч компани түрүүлж мөнгөө аваад нөгөө хүн сургуульдаа элсэж чадаагүй тохиолдолд зуучлалын төлбөрөөр хохирох тал ажиглагддаг. Монголд жил болгон Австралид суралцагчдын боловсролын яармаг болж байгаа. Тэнд очиж сургууль, албан ёсны зуучлагч компаниудаасаа мэдээлэл авч байх хэрэгтэй. 

- Дунд сургуулийн солилцооны хөтөлбөр гэж бий юу?
- Тийм зүйл одоогоор байхгүй. Хэрэв хүүхдийн эцэг, эхийн аль нэг Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа тохиолдолд хүүхдүүд нь дунд сургуульд суралцахад үнэгүй. Амьдрах зардлыг нь бүгдийг нь тооцоод оюутны тэтгэмжийг нь өгдөг. Харин хувиараа сургалтын төлбөрөө төлөнгөө Австралид амьдрах гэж байгаа бол сургууль, цэцэрлэгийн төлбөр нь чамгүй өндөр гэдгийг хэлэх нь зүйтэй.

- Австрали уул уурхайн салбараа тогтвортой хөгжилдөө хэрхэн ашиглаж байгаа талаар Монгол Улсад туршлага болохуйц жишээнүүдээс дурдахгүй юу?
- Улс орны хөгжилд уул уурхайн салбарын оруулж буй хувь нэмэр, уул уурхайн үйл ажиллагааг хэрхэн зохицуулж буй туршлага, байгальд ээлтэй уул уурхай гэх мэтээр Австралиас суралцах юм бидэнд их. Цаашлаад уул уурхай, хөдөө аж ахуйг хослуулсан эдийн засгийн хөгжлийн том загвараас нь ч суралцах юм их байна.

Монгол, Австралийн  уул уурхайн салбарын хамтын ажиллагаа бусад хамтын ажиллагааны салбаруудын манлайд яваа гэж хэлж болно. Манайд үйл ажиллагаа явуулж буй Австралийн том, жижиг олон компани бий. Тэд техник, технологийн аль шинийг манайд нэвтрүүлж байгаа. Газар дээр нь заахаар очиж байгаа гэж хэлж болно.

Энд уул уурхайн бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл нь Монголтой төстэй. Манайд байдаг шиг нутгийн уугуул иргэд нь газар орон сүйтгэлээ, нөхөн төлбөр авна гэгчээр түмэн зүйлийн бэрхшээлтэй тулгарч байх жишээтэй. Усны нөөцийн асуудал энд маш их анхаарал татсан сэдэв. Хөдөө аж ахуй, уул уурхайн салбартаа борооны ус ашиглах технологи нь өндөр түвшинд хөгжсөн.  Энд байгаль орчиндоо ээлтэйгээр уул уурхайгаа хөгжүүлэх тал дээр дээд зэргээр анхаардаг. Мөн уул уурхайгаас олсон ашиг орлогоо улс орны тогтвортой хөгжил, дэд бүтэц зэрэгтээ ашиглаж байгаа нь гайхалтай. Жишээ нь, энэ та бидний ярилцан буй Брисбэн хот хэдхэн жилийн дотор уул уурхайн ачаар өндөр хөгжилтэй хотуудын тоонд орж ирсэн.

- Уул уурхай, боловсролын салбараас гадна хоёр улсын хооронд хөгжүүлэх боломжтой бусад салбарын боломжийн талаар та бүхэн судалдаг л байх. Жишээ нь, хөдөө аж ахуй, эрүүл мэнд гээд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар та тодруулахгүй юу?

Уул уурхай, хөдөө аж ахуйг хослуулсан Австралийн эдийн засгийн хөгжлийн загварыг Монголд нутагшуулах боломж бий гэж түрүүн дурдсан. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн чиглэлээр эднийхээс сурах, нутагшуулах юм их байна. 

Энэ салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд манай ЭСЯ идэвхтэй судлан ажиллаж байгаа. 

Бусад салбарын тухайд ч мөн хамтын ажиллагааг хөгжүүлэх дээр манай ЭСЯ, Улаанбаатарт суугаа Австралийн ЭСЯ хамтраад идэвхтэй ажиллаж байгааг дурдахад таатай байна. Энэ дашрамд хэлэхэд Австралиас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Лангтри хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр үнэхээр санаачилгатай ажиллаж байгаа. Танай сайт Элчин сайдаас нэг ярилцлага аваарай. 

 

Б.Чулуунхүү Элчин сайдтай холбогдох мэйл хаяг : Chuluunhuu@mfa.gov.mn 

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын  Яамны сайт

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.