Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Холимог тулааны тамирчныг ялсан зодооны мастеруудад Хятад бизнесмэн 10 сая юаний бооцоо тавилаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хэд хоног Хятадад уламжлалт тулааны урлаг, орчин үеийн холимог (MMA) тулааны спорт хоёрын аль нь хүчтэй вэ гэдэг маргаан ид өрнөж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Сичуань мужийн Чэнду хотод зохион байгуулагдсан тулааны үеэр холимог тулааны тамирчин Шу Шяодон тайчи мастер Вэй Лэйг 10 секундэд ялсан нь уг маргааны эхлэл болсон юм. Үүнийхээ дараа Шу Шяодон бусад уламжлалт тулааны мастеруудыг ирүүлд дуудаж, басамжилсан мэдэгдэл хийсэн нь гал дээр тос нэмсэн явдал болжээ.

Тэгвэл Хятадын Тяньди хэмээх ус ундааны хамгийн том компанийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Чэн Шэн уламжлалт тулааны урлагийн нэр хүндийг аврахын тулд 10 сая юаний ($1.4 сая) бооцоо тавьж байгаагаа өчигдөр зарласан байна.

Түүний тавьсан бооцоог Шу Шяодоны урилгыг нээлттэй хүлээж авсан таван мастерт хувааж өгөх юм.

Таван тулааны ялагч бүр 1.5 сая юань ($218,000) өвөртлөх бол ялагдсан хүн нь 500,000 юань ($72,000) хүртэх ажээ. Хэрвээ холимог тулааны тамирчин бүгдийг нь ялбал их хэмжээний мөнгөтэй болох гэнэ.

Чэн Шэн хятадын тулааны урлагийг эртний уламжлалтай, эрүүл мэнд, хувь хүнийг хөгжүүлэх зорилготой, олон сая хичээллэгчтэй төрөл гэж үздэг тул нэр хүндийг нь хамгаалахаар шийдсэнээ хэвлэлд ярьсан байна. 

Харин холимог тулааны тамирчин, дэвжээн дээр гаргадаг түрэмгий ааш зангаараа “madman” гэж алдаршсан Шу Шяодон эхний ялалтынхаа дараа “Би хуурамч зүйлийг зад цохилоо. Хуурамч зүйлс устаж алга болох ёстой” хэмээн мэдэгдэж, Хятадын эртний урлагийг гар зөрүүлэхэд хэрэг болохгүй эд гэж басамжилсан юм.

Одоогоор түүний тулааны урилгыг тайчи мастер Лю Шин, Ван Занхай, Шаолиний зодоонч Ли Шансянь, И Лон нар хүлээж аваад байна.

Өнгөрсөн Лхагва гарагт Хятадын Ушугийн Холбоо мэдэгдэл гаргаж, ийм тулаан зохион байгуулж байгаа нь бие хамгаалах урлагийн ёс зүй, хууль дүрмийг зөрчиж байна хэмээн шүүмжилжээ.

Мэдэгдэлд “Бие хамгаалах урлаг бол Хятадын уламжлалт спортын төрөл төдийгүй, соёлын нэг хэсэг юм. Үүнд чөлөөт тулаанаас эхлээд эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн гээд олон хэлбэр багтдаг. Тиймээс уламжлалт урлагийн нэрийг барьсан хуурамч этгээдүүд иймэрхүү тулаануудыг зохион байгуулахыг эрс эсэргүүцэж байна” гэжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post