Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тайчи ба холимог тулааны маргаанд Жэк Ма оролцов

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хэд хоног Хятад даяар өрнөж байгаа тайчи болон холимог тулааны төрлийн аль нь илүү вэ гэсэн маргаанд тус улсын тэргүүн баячуудын нэг Жэк Ма оролцжээ.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын уламжлалт тайчи бие хамгаалах урлагийн мастерыг холимог тулааны (MMA) төрлийн тамирчин 10 секундэд ялж шуугиан тарьсан юм. Жэк Ма нь тайчигаар хичээллэхийн хажуугаар MMA төрлийн тулааныг үзэх дуртай гэгддэг.

Өнөөдөр өглөө Жэк Ма хувийн Вэйбо хуудсандаа бичихдээ олны анхаарлыг татсан тулаан нь гудамжны зодооноос өөрцгүй болсон гэжээ.

“Иймэрхүү гудамжны зодооноор ямар ч маргааныг шийдэх боломжгүй. Энэ хоёр төрлийг харьцуулахад хэцүү, тэдний дүрэм нь өөр. Тиймээс харьцуулж маргах ч утгагүй юм” гэж тэр өгүүлсэн байна. Жэк Ма “Энэ бол хөлбөмбөг, сагсан бөмбөгийг хооронд нь өрсөлдүүлээд нэгийг нь нөгөөгөөс нь илүү гэж дүгнэхтэй адил. Тахиа, нугас хоёрыг харьцуулахтай адил юм” гэжээ.

“Ямар ч тулаан эхлээд дүрмээ тодорхойлох ёстой. Тухайлбал өнөөдрийн аль ч тулааны төрөл ядаж л өрсөлдөгчид нь ижил жинтэй байхыг шаарддаг шүү дээ” гэж Жэк Ма тайлбарласан байна.

Алибабагийн тэрбумтан их сургууль төгссөнөөсөө хойш нийт найман тайчи мастерыг дагаж хичээллэж байсан ба гэхдээ өөрийн ур чадварыг сонирхогчийн түвшинд байгаа, хэзээ ч хүнтэй гар зөрүүлж байгаагүй гэжээ.

Ма түүхэнд тайчиг тулааны зорилгоор ашиглаж байсан тохиолдол цөөн байдаг гээд гол нь дасгал, эрүүл мэндийн чиглэлээр ихэнх нь ашигладаг гэсэн байна. “Тайчи анх бий болохдоо тулааны эсвэл бие хамгаалах зорилгоор биш, гол нь философийг хөдөлгөөнөөрөө харуулах зорилготой байсан. Тулаан бол түүний нэг хэсэг мөн гэхдээ бүхлээрээ биш” гэж тэр бичжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post