Зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх 34 байршлын авто замын засвар, шинэчлэлийн ажил 53 хувьтай байгааг мэдээлэв
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн 17 төсөл, арга хэмжээний дундаж гүйцэтгэл 96 хувьд хүрч, 13 төсөл, арга хэмжээг бүрэн дуусган Улсын комисст хүлээлгэж өгчээ. Үлдсэн хоёр төсөлд комисс ажиллуулах хүсэлт хүргүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг холбогдох албаныхан мэдээлэв.
Нийслэлийн хэмжээнд хотын гол болон туслах гудамж, замын арчлалт, засварын ажил 88.6 хувьтай байна.
Мөн найман байршилд хэрэгжүүлж буй 21.9 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил 88 хувь, нийслэлийн төвийн зургаан дүүргийн орон сууцны хороолол доторх 34 байршлын 18.2 км авто замын ажил 53 хувь, таван дүүрэгт хэрэгжүүлж буй 43 км явган хүний болон дугуйн зам, байгууламжийн ажил 52 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Түүнчлэн авто зам, дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, хашлага, хайсны стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ.
Энэ онд авто зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэлтэд Замын сангийн хөрөнгөөс ₮160.8 тэрбум, нийслэлийн есөн дүүргийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад ₮50.6 тэрбумыг зарцуулахаар нийслэлийн төсвийг баталжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

