Уншиж байна ...

Гадаадын жуулчдыг үргээх зорилгоор Фүжи уулын барааг харагдахгүй болгоно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Гадаадын жуулчдаас залхсан Японы нэг хотын захиргаа алдарт Фүжи уулын бараа харагддаг газарт хаалт босгохоор шийджээ.

Энэ хэсэгт Фүжи уулын бараа сайн харагддаг тул зураг авах хүсэлтэй жуулчид олноор цуглардаг юм. Гэхдээ тэд хогоо ил задгай хаяж, автомашинаа замбараагүй байрлуулдаг нь Фүжикавагүчико хотын оршин суугчдыг бухимдуулах болжээ.

Гадаадын жуулчдын гаргадаг үйлдэл хэрээс хэтэрч, зарим нь сайн зураг авахын тулд байшин барилгын дээвэр дээр авирч гардаг болсон байна.

Тиймээс жуулчдыг энэ хэсгээс үргээх зорилгоор 2.5 метрийн өндөр, 20 метр урт хаалт босгох ажил ирэх долоо хоногт эхлэхээр болсныг хотын захиргаа мэдээлжээ.

“Дүрэм журмыг ил тоомсорлодог зарим жуулчдын үйлдлийн улмаас ийм зүйл хийх болсондоо харамсаж байна” гэж тэд тайлбарласан байна.

Замд тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, харуул хамгаалалтын ажилтнуудыг зогсоосон ч үр дүнд хүрээгүй тул ингэхээс өөр аргагүй болсон гэнэ.

Цар тахлын дараа аялал жуулчлалыг сэргээх бодлогыг Японы засгийн газар хэрэгжүүлсний үр дүнд тус улсыг зорих гадаадын жуулчдын урсгал эрчимтэй нэмэгдсэн юм.

Үүний үр дүнд сар тутамд Японд ирдэг жуулчдын тоо өнгөрсөн гуравдугаар сард анх удаа 3 саяыг давсан байна.

Гэхдээ нөгөө талаар жуулчдаас үүдэлтэй асуудлууд нэмэгдэж байгаа.

Тухайлбал тус улсын хамгийн өндөр уул Фүжид авирах жуулчдын тоо эрс нэмэгдсэн тул хязгаарлах зорилгоор $13-тай тэнцэх хураамж ирэх зунаас авдаг болох гэж байна.

Жуулчдыг дагаад осол гэмтэл, хог хаягдал нэмэгдсэнээс гадна зохимжгүй хувцаслах, этгээд ааш авир гаргах явдал түгээмэл болжээ.

Үүнээс гадна Фүжи уулын Ёшидагийн замаар авирах жуулчдын тоог өдрийн 4,000 болгон хязгаарлахаар болсон байна.

 

Эх сурвалж: BBC