Уншиж байна ...

ОХУ-ын Башкортостан анх удаа Украины дроны цохилтод өртжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улс анх удаагаа Украины нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөн тухай Пүрэв гарагт мэдээлжээ.

“Өдрийн 01:00 цагийн орчимд Салават хотын аж үйлдвэрийн бүсэд нисгэгчгүй онгоц довтоллоо. Үүний дараа Газпром Нефтехим Салават үйлдвэрийн байгууламжаас утаа гарч эхэлсэн” гэж тус улсын тэргүүн Радий Хабиров мэдэгдсэн байна.

Гэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаа тасалдаагүй, хэвийн ажиллаж байгааг Хабиров баталжээ. Тэр бас дрон хаанаас гаралтай талаар мэдэгдэлдээ дурдаагүй байна.

Газпромын энэ үйлдвэр ОХУ-ын 10 дахь том газрын тос боловсруулах үйлдвэр бөгөөд жилд 10 сая орчим тонн бүтээгдэхүүн гаргадаг юм.

Башкортостан нь Украины хилээс 1,500 км орчим зайд оршдог.

Дөрөвдүгээр сарын эхээр Украины дрон Башкортостаны хөрш Татарстаны газрын тосны үйлдвэрт довтолж байв.

Татарстан нь Украины хилээс 1,300 км орчим зайд оршдог.

Украины талаас үнэхээр Башкортостанд довтолсон бол энэ нь ОХУ-ын нутаг дэвсгэрийн хамгийн гүнд хүрсэн тохиолдол болно.

 

Эх сурвалж: The Moscow Times