Уншиж байна ...

"Шүүхийн ажиллах орчноос шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хугацаандаа явахгүй удааширдаг"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн болон ажлын хэсгийн гишүүд дараах байр суурийг илэрхийллээ. 

Шүүхийн орон байрны талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Шүүх гэхээр шүүгчийн цалин хөлсийг ярьдаг. Шүүх эрх мэдэл гэдэг нь байгууллагынхаа хувьд үйлчилгээ үзүүлж байгаа юм. 

Тогтоолын төслийн 6.1.3.Шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, хүлээлгийн танхимд хэрэг, маргааны оролцогч өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдааны аль ч үед ганцаарчлан ярилцах нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэж байгаа нь маш зөв. Одоо байдал хүнд байгаа. 

Шүүхийн танхим бүү хэл шүүхийн үүдний өрөөнд хүмүүс багтдаггүй. Иргэд үйлчлүүлж байгаа учраас шүүхийн үүдний өрөө хүртэл зүй зохистой баймаар байна. 

Шүүх хуралдаан болж байхад оролцож буй хүмүүс тавгүй нөхцөл дунд олон цаг хэргээ ярьдаг. Нэг нь эрх чөлөөгөө хамгаалах гээд орж ирж байгаа. Гэтэл шүүх рүү ороход зэврүүн, тав тухгүй. Хүмүүс өөрсдөө шүүх рүү орохгүй юм шиг аашилдаг" хэмээн ярилаа.  

Шүүх байгууллагын өнөөгийн нөхцөл байдлын талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Л.Энхбилэг "Сүүлийн арван жил хөрөнгө оруулалтын асуудал огт байхгүй. Үүнээс шалтгаалж шүүхийн ажиллах орчин муу. Ажиллах орчноос шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хугацаандаа явахгүй удаашрах, нэг хуралдаан сараар хойшлох асуудал байгаа.

Монгол Улсад 526 шүүгч шүүн таслах үйл ажиллагаа явуулж байна. Нийт 1,400 орчим захиргааны албан хаагч бий. Нийслэлд 16 шүүх анхан шатны шүүн таслах үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа. Энэ шүүхүүд дөрвөн шүүхийн байртай. Өөрөөр хэлбэл нэг шүүхийн байранд 3-4 шүүх үйл ажиллагаа явуулж байгаа. 

2023 онд бид 106 мянган хэрэг шийдвэрлэсэн. 2014 онтой харьцуулахад жилд 1.6 дахин хэргийн тоо нэмэгдэж байгаа. Ийм тоогоор иргэд шүүхээр үйлчлүүлж байгаа гэсэн үг. Шүүх байрны багтаамж маш муу, 20 метр квадрат дотор шүүх хуралдаан явдаг" гэлээ.

Үргэлжлүүлэн шүүхийн үйлчилгээний шинэчлэлийн ач холбогдлын талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг "Шүүхийн үйлчилгээний чанар гэдэг бол хамгийн түрүүнд шударга шүүхээр шуурхай, өөрийнх нь өрхийг хөндөхгүйгээр маргаан шийдвэрлэх асуудал гэж ойлгож байгаа. 

Шүүхийн үйлчилгээний чанарыг ахиулахад ороод ирсэн хүн нь өмгөөлөгчөөсөө тэр даруй үйлчилгээ авах асуудал хөндөгдөхөд шүүхийн байрны асуудал бий. 

Сүүлийн үед нэлээд олон хэрэг олон нийтэд дамжуулагдсан. Анзаарвал байрлалын хувьд өмгөөллийн үйлчилгээ авч буй хүн өмгөөлөгчөөсөө хол сууж байгаа. Энэ нь өмгөөлүүлэх эрхийн наад захын шаардлага хангахгүй шүүхийн байртай буйг илтгэж байна" гэв.