Уншиж байна ...

Сахарын цөлийн тоос Грекийн нийслэлийг бүрхжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Сахарын цөлөөс боссон тоос Грекийн нийслэл Афин хотыг бүрхсэний улмаас тэнгэр улбар шар өнгөтэй болсон байна.

Ийм үзэгдэл хамгийн сүүлд 2018 онд тохиож байсныг тус улсын цаг уурын албаны төлөөлөл мэдээлжээ.

Грекээс гадна Швейцар, Францын өмнөд хэсэгт энэ сарын эхээр ижил үзэгдэл ажиглагдаж байсан юм.

Лхагва гарагийн өглөө Грек улсын нутаг дэвсгэрийн олон хэсэгт агаарын чанар муудаж, Афин хотын алдарт Акрополис түүхэн байгууламж холоос харагдахгүй болсон байна.

Эрх баригчид амьсгалын замын өвчтэй хүмүүст гадаа гарахгүй байх, нийт хүмүүст амны хаалт зүүх, спортын дасгал хийхгүй байхыг зөвлөжээ.

Нэг цаг уурч Афин хотын үзэгдэх байдлыг Ангараг гарагтай зүйрлэсэн байна.

зураг
 

Африк тивийг эзэгнэн оршдог Сахарын цөл жил бүр 60-200 сая тонн байгалийн тоос агаарт цацдаг ажээ.

Үүний ихэнх нь цөлдөө буцаж унадаг бол зарим хэсэг нь салхинд туугдаж, Европ тивд хүрэх тохиолдол байдаг. Ийм үзэгдэл голдуу хавар, намрын улиралд ажиглагддаг юм.

Грекийн хувьд уг тоос халуун цаг агаартай хосолсноор илүү аюултай нөхцөл байдал үүсгэдэг байна.

Ливийн цөлд боссон тоосыг өмнө зүгийн хүчтэй салхи Мягмар гарагт Газрын дундад тэнгисийн зүүн хагасыг гатлуулан Грекийн нутагт хүргэжээ.

Лхагва гарагийн үдээс хойш баруун зүгээс ирэх салхины урсгалын нөлөөгөөр тоостой агаар зүүн зүгт шилжихийг Грекийн цаг уурын алба мэдээлсэн байна.

Улмаар долоо хоногийн сүүлээр Газрын дундад тэнгисийн зүүн хагас Сахарын цөлийн тоосноос бүрэн чөлөөлөгдөж, тэнгэр цэлмэхийг мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC