Уншиж байна ...

Баянхонгор аймгийн 17 сумын 120 иргэн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагдлаа

ikon.mn
2024 оны 4 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгор аймгийн 17 сумаас нийт 120 иргэнийг “Хүнд машин механизмын оператор”-ын мэргэжил олгох сургалтад амжилттай хамруулснаас өнөөдрийн байдлаар 110 залуу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрших Ухаа худаг уурхайд шууд ажлын байраар хангагдан мэргэжлээрээ ажиллаж байна.

Сургалт 2023 оноос хойш нэг жил орчмын хугацаанд 6 ээлжээр явагдаж байгаа бөгөөд өнөөдөр буюу 4-р сарын 24-ний өдөр 6 дахь ээлжийн 20 залуу сургалтаа дүүргэж байна.

“Эрдэнэ Монгол” компанийн зүгээс орон нутгийн иргэдэд мэргэжил олгох, ажлын байраар хангах зорилгоор хэрэгжүүлж байгаа уг сургалтад хамрагдан Ухаа худаг уурхайд ажиллаж байгаа эдгээр залуус цаашид Баянхөндий уурхайн төсөл эхлэх үед Баянхонгор аймагтаа шилжин ажиллах юм.

зураг
 

Тэдний дунд Хонгор нутгийн гурван ч бүсгүй сургалтаа амжилттай дүүргээд эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн, Ухаа худгийн уурхайд 240 тонны уулын “шар” техник жолоодох нарийн ажил мэргэжлийг гүйцэтгэн явж байна.

Сургалттай холбоотой 45 хоногийн байр, хоол, даатгал, ирэх очих унааны болон Баянхонгороос Өмнөговь руу ээлжээр явж ажиллахад гарч буй холбогдох бүхий л зардлыг Эрдэнэ Монгол компаниас бүрэн хариуцдаг аж.

зураг
 

Сургалтад хамрагдсан иргэдийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөндлөнгийн үнэлгээнд хамруулж олон улсын эрхтэй чадамжийн гэрчилгээг олгодог бөгөөд ингэснээр залуус маань Монголдоо төдийгүй дэлхийн хаана ч мэргэжлээрээ ажиллах боломжтой юм. Орон нутагт хамгийн ихээр тулгамддаг мэдлэг, мэргэжил олголт, цалин орлого, ажлын байрны асуудлыг шийдвэрлэхэд энэхүү төсөл бодит хувь нэмрээ оруулж байна.

Төсөл цаашид 1-2 ээлжээр үргэлжлэн явагдах аж.

Танд энэхүү мэдээтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал:

Утас: 7711 8534 (ex.211)

Имэйл: Recruiting.HR@erdene.mn хаягаар холбогдох боломжтой.