Уншиж байна ...

ПАРИС 2024: Чамисо - Байрамовын барилдааныг дэнсэлсэн шүүгчдийн бүрэлдэхүүнийг түр хугацаагаар чөлөөлөв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Inside The Games

Азербайжаны Баку хотод болсон бөхийн төрлүүдийн Европын эрх олгох тэмцээний үеэр куба гаралтай итали бөх Франк Чамисо, нутгийн тамирчин Туран Баймаров нарын барилдааны төгсгөл маргаан дагуулсан. Италийн шигшээ баг шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн ч үр дүн нь өөрчлөгдөөгүй юм.

Үүний дараа Ф.Чамисо өөрийн цахим хуудсаар дамжуулан бөхийн холбоог шүүмжилсэн билээ.

Тэгвэл Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ны Сахилгын Хороо хэлэлцээд алдаа гаргасан Шүүгчдийн зөвлөл болон шүүгч нарт хариуцлага тооцжээ.

Харамсалтай нь холбооны дүрмийн 53 дугаар хэсэгт заасны дагуу нэгэнт гаргасан шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул Т.Баймаровыг ялснаар бүртгэх аж. Гэхдээ Сахилгын Хорооны зүгээс Ф.Чамисог ирэх сарын 9-нд Туркийн Истанбул хотод болох эрх олгох сүүлийн тэмцээнд чансаагаар тэргүүлэх боломжтой эсэхийг холбооноос тодруулахаар болов.

Сахилгын Хорооноос дэвжээний шүүгч Роман Павлов, Шүүгчдийн зөвлөлийн гишүүн Ибрахим Чикоуглу нарын эрхийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал, хажуугийн шүүгчээр ажилласан Али Сайваныг есдүгээр сарын 30-ныг дуустал, шүүгч Алексей Базулин болон Шүүгчдийн зөвлөлийн бусад хоёр гишүүнийг гурван сараар ажиллах эрхийг нь хязгаарласан байна.

Шүүгчдийн зөвлөлийг ноцтой алдаа гаргасан, ажиллах шүүгчийн хуваарилалт тал дээр зөрчил гарсныг Сахилгын Хорооны гишүүд санал нэгтэйгээр хэлж байв. Барилдааны үеэр хийсэн зарим үйлдэл, тэр дундаа бөхчүүдийн идэвхгүй байдлыг өөгшүүлсэн шийдвэр их гарсныг онцолжээ.

 

Эх сурвалж: Inside The Games