Уншиж байна ...

Б.Дэлгэрсайхан: Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сум хотын статустай болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, Хөгжлийн яам, Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас хамтарсан Ажлын хэсэг гаргаж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж, хэлэлцлээ.

Улсын Их Хурал (УИХ)-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн хот тосгоны эрхзүйн байдлын тухай, түүний эрхийг шилжүүлэх хууль зүйн үндэслэлийг 57 дугаар зүйлийн 1.2-т заасан байдаг.

Энэ хүрээнд улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны эрхзүйн байдал, нутаг дэвсгэр, түүний удирдлагын нэгжийг шилжүүлэх асуудлыг хуульчиллаа.

Ингэснээр улсын зэрэглэлтэй Эрдэнэт, Дархан, Багануур, Налайх хот, 19 аймгийн төвийг орон нутгийн зэрэглэлтэй хот гэж нэрлэхээр болжээ. 

Түүнчлэн Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэх юм.

Зарим төрийн үйлчилгээг шуурхай хүргэх үүднээс тосгон байгуулахаар болсон. Тухайлбал Гашуунсухайт, Шивээхүрэн гэх мэт боомтод төвлөрсөн, хүн ам ихтэй газруудыг тосгон гэж үзэх боллоо. 

Ингэснээр төрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тухайн хот, тосгонд эдийн засгийн эргэлтийг сайжруулах гол зорилготой" гэж ярилаа.