Уншиж байна ...

"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"

Б.Манлай
2024 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас гал гарч, зарим орон сууц шатаж, иргэд хохироод буй. Уг галын дүгнэлт гарсан тухай мэдээлж байв. УОК мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг сонсож, зарим шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Дөрвөн яамны хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг УОК сонсож, зарим шийдвэрийг гаргасан.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, галд өртсөн 207 дугаар байрыг ашиглах боломжгүй дүгнэлт гарсан тул буулгаж, шинээр барих эсвэл газрыг чөлөөлөх, аюулгүй болгох, оршин суугчдын орон сууцны асуудал зэргийг нийслэлийн удирдлагуудын мэдэлд шилжүүллээ.

Нэгдүгээрт нийслэлийн нутаг дэвсгэр дээр үүссэн асуудал, дахин төлөвлөлтийн барилгыг барихад аймаг, нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын шийдвэрээр хэрэгжүүлэх хуультай.

Зарим алба хаагч, иргэдийн эрүүл мэндэд шаардлагатай хөрөнгийг олгох асуудлыг мөн нийслэлд шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлсэн бөгөөд орон сууцыг шинэчлэх, засварлах, бусад хохирлыг барагдуулахад зарцуулах юм.

Эрсдэлийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх асуудал хамгийн чухал байгаа. Эрсдэлийг бууруулахын тулд даатгалын тогтолцоонд шилжүүлэх хуулийн төслийг боловсруулсан, УИХ-аар хэлэлцүүлнэ. Ингэснээр хэн ч хохирохгүй үлдэнэ.

Амь нас, эд хөрөнгөө даатгуулаагүй бол даатгалын компани барагдуулахгүй. Төр хохирлыг барагдуулах гэхээр хуулийн зохицуулалт байхгүй" гэж ярилаа.