Уншиж байна ...

Зам дагуу байршилтай стандартын шаардлага хангаагүй 592 шатахуун түгээх станцын нүхэн жорлонг эко байгууламжаар шинэчилнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. 

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон эдгээр хуулийн төсөлтэй дагалдан боловсруулсан хууль, Улсын Их Хурал (УИХ)-ын тогтоолын төслийг хэлэлцээд их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эрх зүйн эдгээр шинэчлэл нь “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу чиглэх ёстойг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр онцолсон юм.

Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар:

  • -Улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны өөрийн удирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харилцаанд оролцох эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт хэрэгжиж, хууль хоорондын уялдаа хангагдаж,  хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ;
  • -Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар суурин газруудыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон болгон байгуулах асуудлыг дэс дараалалтай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ;
  • -Улсын зэрэглэлтэй дөрөв /Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх/ хотыг, орон нутгийн зэрэглэлтэй 38 хотыг /нийслэлд 8, аймгуудад 30/, мөн дагуул хоёр хот байгуулна.
  • -Хот, тосгон нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээс тусдаа өөрийн удирдлагатай, санхүү, эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөл бүрдэнэ;
  • -Хот, тосгон өөрийн оршин суугчдадаа төрийн үйлчилгээ буюу гагцхүү засаг захиргааны нэгжээр дамжин хэрэгжих үйлчилгээг хот, тосгоноор дамжуулан хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна;
  • -Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас тодорхойлсон бүсчилсэн хөгжлийн болон Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, Хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

Мөн “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. 

Уг арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, оролцогчдыг уялдаа, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүргийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хурдасгуур төв”-д хариуцуулж, шаардагдах нэмэлт зардлыг Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг өглөө.

Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Улаанбаатар хот, аймаг, сумд болон улсын чанартай зам дагуу байршилтай, шатахуун түгээх 592 станцын стандартад нийцээгүй нүхэн жорлонг ариун цэврийн эко байгууламжаар шинэчлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-т даалгав.

https://www.facebook.com/iKonNews/videos/1170552653969935