Уншиж байна ...

Японы амьтны хүрээлэн долоон жилийн өмнө авсан усны үхрийнхээ хүйсийг шинэчлэн тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Японы нэг амьтны хүрээлэн долоон жилийн турш эрэгчинд тооцож байсан усны үхэр нь эм хүйстэй болохыг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоосноо Мягмар гарагт зарлажээ.

Осака хотын амьтны хүрээлэн одоо 12 настай Гэн-чан нэртэй уг усны үхрийг 2017 онд Мексикийн амьтны хүрээлэнгээс шилжүүлэн авч байсан байна.

Гаалийн бичиг баримт дээр түүнийг эр хүйстэй гэж бичсэн байжээ.

Гэвч энэ амьтны гаргаж буй ааш авираас эрэгчний шинж тэмдэг харагдахгүй байсан тул хүрээлэнгийн ажилтнууд эргэлзэж эхэлсэн байна.

Тухайлбал ялгадсаараа нутаг дэвсгэрээ тэмдэглэх, орооны үеэр эм усны үхрүүдийг дуудах зэрэг үйлдлүүдийг тэр огт гаргахгүй байжээ.

Бас тугал байхдаа ирсэн Гэн-чан өсөж томорсон ч нөхөн үржихүйн эрхтэн нь тодорхой харагдахгүй байсан гэнэ. Хуурай газрын хамгийн аюултай амьтдын нэгд тооцогддог, нүсэр том биетэй усны үхрийн бэлэг эрхтнийг шалгах замаар хүйсийг тогтоох хэцүү байдаг ажээ.

Тиймээс амьтны хүрээлэнгийн захиргаа зардал өндөр боловч найдвартай аргаар Гэн-чаны хүйсийг тогтоохоор шийдвэрлэсэн байна.

“Арчилж, маллахад хүйс чухал ач холбогдолтой тул ийм арга хэмжээ авлаа. Ижил алдаа дахин давтагдахгүй байхад бид анхаарч ажиллах болно. Цаашдаа Гэн-чанд тав тухтай орчныг бүрдүүлэхийн тулд бид чадах бүхнээ хийнэ” гэж хүрээлэнгийн дэд захирал Киёши Ясүфүкү хэвлэлд ярьжээ.

Хэдийгээр хүйс нь солигдсон ч Гэн-чаны нэрийг өөрчлөхгүй хэвээр үлдээхээр болсон байна.

 

Эх сурвалж: BBC