Индэр    
2017 оны 3 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

50 жил ажилласан эр ТАВХАН жил тэтгэвэр авна. ЗӨВ ҮҮ?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

ТАНИЛЦ: ТАНЫ төлөх нийгмийн даатгал хэдээр нэмэгдэх вэ?

Ажилтан та сар бүр цалингийнхаа 10 хувийг өөрийн нийгмийн даатгалдаа зориулан төлдөг билээ.

Харин танд ажил олгогч мөн л ажилтан тус бүртээ цалингийн 10 -11 хувьтай тэнцэх нийгмийн даатгалыг төлдөг. 

Ажилтан болоод ажил олгогчийн энэхүү төлж буй нэг хүнд ногдох 20 хувийн нийгмийн даатгалыг задлан харвал:

Хүснэгт 1,

Нийгмийн даатгалын төрөл Ажил олгогч: хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ Ажилтан: хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Тэтгэврийн даатгал 7 7
Тэтгэмжийн даатгал 1 0.8
Эрүүл мэндийн даатгал 2 2
Ажилгүйдлийн даатгал 0.2 0.2
Шимтгэлийн дүн 10 10

Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт орохын тулд төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай болсон.  Тиймээс ч нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ):

  1. 2018 онд 2 хувиар,
  2. 2019 онд 1 хувиар,
  3. 2020 онд 2 хувиар нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн талаараа Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан билээ. 

Эх сурвалжуудын хэлж буйгаар одоогоор нийгмийн даатгалыг ажилтан өөрөө 10 хувь, ажил олгогч 10-11 хувь төлдөг байсныг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан, ажил олгогч тус бүр нэг, нэг хувиар нэмэгдүүлэх тооцоолол хийсэн байна. Өөрөөр хэлбэл нийт дүнгээр 2020 он хүртэл нэмэгдэх НДШ ажилтан, ажил олгогч хоёрт ижил тэнцүү байдлаар нэмэгдээд явах нь. 

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс  гэхэд нийт НДШ нэг хувиар нэмэгдэхийг хоёр тэнцүү хувааж ажилтан, ажил олгогч тус бүрийн НДШ 0.5 хувиар нэмэгдэж хувь хүний НДШ 11.5 хувь, ажил олгогчийнх 11.5-12.5 хувь болно. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хувь хүний НДШ 12.5, ажил олгогчийнх 12.5-13.5 хувь болж нэмэгдэх төсөөлөл гарчээ. 

Ингэж нэмэгдүүлэхдээ хүснэгт 1 -т  үзүүлсэн НДШ-ийн задаргааны эхний төрөл буюу тэтгэврийн даатгалын хуримтлалд зориулж энэхүү нэмэгдлийг хийхээр тооцоолжээ. 

Өөрөөр хэлбэл ажилтан та өнөөдөр тэтгэврийн даатгалдаа буюу өөрийн тэтгэврийн сандаа өөрөө долоо, ажил олгогч долоо буюу нийт цалингийнхаа 14 хувийг хуримтлуулдаг байсан бол 2020 оноос энэ хувь 19 хувь болж нэмэгдэх нь.​

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд дундаж цалин 850 мянга төгрөг гэж бодвол та ажил хийснээр өөрөө болон компанитайгаа нийлээд цалингийнхаа 20 хувийг буюу сар бүр 170 мянган төгрөгийг нийгмийн даатгалдаа хуримтлуулж байна. Тэгвэл 2020 онд та одоогийн авч буй 850 мянган төгрөгийн цалингаа авч байлаа гэхэд нийгмийн даатгалын шимтгэл чинь 212.5 мянган төгрөг болж нэмэгдэх нь. 

Яг хувь хүн буюу ажилтан таны төлөх НДШ 2017 онд 85 мянган төгрөг байгаа бол 2020 онд 106.2 мянга төгрөг болж нэмэгдэнэ гэсэн үг.

Хамгийн гол нь энэхүү нэмэгдлүүд нь дандаа таны тэтгэврийн санг нэмэгдүүлэх зорилготой. Гэхдээ хамгийн харамсалтай нь  яг энэ шийдэлтэй зэрэгцэн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх шийдлийг Сангийн сайд мөн танилцуулсан. 

"Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа. Урьд нь 2016 оны төсвийн тодотголыг Засгийн газар өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх үед бодит байдал болон тулгараад байгаа хүндрэлийг ард түмэнд мэдээлж байсан. Одоо байгаа тэтгэвэрт гарах насыг 2 жилд 1 насаар буюу жилд 6 сараар нэмэгдүүлж, эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2026 он гэхэд 65 насанд хүргэх, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 2036 оноос буюу 20 жилийн дараа 65 настайд тэтгэвэрт гарах тохироонд хүрсэн. Энэ тооцоолол хийхэд манай улстай ижил төстэй улс орнууд, бусад хөгжиж байгаа улс орнуудын тэтгэврийн насны судалгааг ОУВС, Дэлхийн Банк зэрэг бусад донор орнуудын тусламжтайгаар судалгааг хийж ийм шийдвэрт хүрч байна" гэж ноён Б.Чойжилсүрэн мэдээлсэн. 

2015 оны байдлаар эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.84, эрэгтэйчүүдийнх нь 66.02 байна. 2005 онд жишээ нь, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 62.11 байжээ. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдийн дундаж наслалт 10 жилийн хугацаанд 4 орчим насаар нэмэгдсэн байна. Энэ тооцооллоор магадгүй эрэгтэйчүүдийн дундаж нас  2025 онд 70 болох нь гэж төсөөлье. Харин тэд 65 настайдаа тэтгэвэртээ гарна. Ердөө тавхан жил тэтгэвэр авах нь дээ. Харин тэд улсад магадгүй дээд тал нь 50 жил ажилласан байх магадлалтай. Бүх л эдийн засгийн статистикаар эдийн засгийн идэвхтэй бүлэг буюу хөдөлмөрийн нас 15 -аас эхлэн тооцдог. Тэгвэл энэ жишгээр тооцвол 15-65 нас буюу 50 жил ажилласан эр тавхан жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь хэр шударга вэ. 

НДШ-ийг ийнхүү нэмэгдүүлэх шийдвэрийг Сангийн сайд хэвлэлийн бага хурлаараа танилцуулсан ч энэ нь төсөл гэдгийг анхаарах хэрэгтэй. Засгийн газраас боловсруулсан энэхүү төслийг УИХ-аар хэлэлцүүлэх явцад өөрчлөгдөх магадлалтайг анхаарна уу. 

Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын (ЭМНДЕГ) мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны нэгдүгээр сард 136.2 тэрбум төгрөг байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 26.7 (24.4%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт ажээ.

Харин зарлага 135.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.7 (3.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 26.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 25.9 (34.4%) тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 3.4 (27.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин нийгмийн даатгалын сангийн зарлага 2017 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 4.7 тэрбум төгрөгөөр буурахад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 8.2 (73.4%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Энэхүү статистик мэдээллээс харвал иргэдийн НДШ төлөлт улам бүр нэмэгдэж байна. Улс дахиад ч нэмэгдүүлэхээр ийнхүү зүтгэж байна.