Индэр    
Бидэнд эдийн засгийн хямралын нөлөөг зөөллөх, сэргээх (ПОСТ-КОВИД19) төлөвлөгөө хэрэгтэй
Зураг
2020 оны 12 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Бидэнд эдийн засгийн хямралын нөлөөг зөөллөх, сэргээх (ПОСТ-КОВИД19) төлөвлөгөө хэрэгтэй

Видео: “КОВИД 19 ба эдийн засгийн хямрал” сэдвээр хийсэн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлэг:

https://www.facebook.com/watch/?v=377395129999422

Хоёр улирал дараалж дотоодын нийт бүтээгдэхүүн хасах үзүүлэлттэй гарвал эдийн засгийн хямрал болж байна гэж үздэг.

Монгол Улсын хувьд 2020 онд ДНБ:

  • I улиралд  -10.7%,
  • II улиралд - 9.7%,  
  • III улиралд - 7.3% -аар буурчээ.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал бодит утгаараа нүүрлэв.

Аливаа эдийн засгийн хямралаас гарах бодлогыг хоёр үндсэн шаттай хэрэгжүүлж байгааг бид бусад улсын туршлагаас харж болно.

  • Нэгдүгээрт, хямрал хаа хүрч дуусахыг мэдэхгүй ч ёроолдоо хүрэх цэгийг дээш өргөх буюу эдийн засгийн хямралыг зөөлрүүлэх
  • Хоёрдугаарт, хямралын шуурга дууссаны дараа буюу эдийн засгаа сэргээх улмаар хямрал эхлэхээс өмнөх хэмжээнд үзүүлэлтүүдийг хүргэх гэсэн хоёр үндсэн шатаас бүрддэг.

Тиймээс ч улс орнууд эдийн засгийг аврах дээрх хоёр шатаас бүрдсэн цогц бодлогыг нийгэмд танилцуулж, иргэд, бизнес эрхлэгчдийг балмагдалд автуулахгүйгээр хүлээлтийг эергээр удирддаг байна. Тухайлбал, АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн банк гэхэд КОВИД-19-өөс үүдэлтэй эдийн засгийн хямралыг гэтлэх гурван жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдээд байна. Тэд мөнгөний нийлүүлэлтэд хязгаар байхгүй, эдийн засагт хангалттай дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн юм. 

Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас эдийн засгийн хүндрэлийг зөөллөх буюу хүүхдийн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх, эмзэг өрхүүдэд зориулсан хүнсний талон, нийгмийн даатгалын шимтгэлийн хугацааг хойшлуулах, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, бодлогын хүүг буруулах, банкны заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулах гэх мэт арга хэмжээнүүдийг тус бүр зургаан сар, гурван сар, нэг жил гэх мэт богино зайны бодлогуудыг авав.

Тэгвэл энэ бүх арга хэмжээ нь хямралын үеийн хамгийн чухал бодлого буюу ажлын байрыг хадгалахад дорвитой дэмжлэг болж чадаагүй нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хамгийн сүүлд хийсэн судалгаанаас харагдаж байна. Сүүлийн өдрүүдэд үргэлжилж байгаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы өдрүүдэд судалгаанд хамрагдсан 3,500 орчим аж ахуйн нэгж 7,645 хүнээ цомхотгожээ. Үүнийг идэвхтэй ажиллаж буй ААН-д тооцож үзвэл 150 мянган ажлын байр болж байгаа юм. 

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын эдийн засгийн хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн, тэр дундаа 2020 онд хийсэн хямралыг зөөллөх бодлого байгаа оносон эсэх нь эргэлзээтэй байх энэ үед эдийн засгаа хэрхэн сэргээх вэ гэдэг бодлого өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм.

 

Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал "Нүүдэл шийдэл" нэвтрүүлэгт өчигдөр оролцохдоо "Одоогийн бодлого, шийдвэрүүд төрийн түшмэдүүдэд хамгийн хялбар байх буюу боох, хаах, хөл хорих гэх мэт арга замуудаар илэрч байна. Уг нь төрийн хүний бодол, шийдэл нь эсрэгээрээ буюу иргэн хүнд яаж хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх вэ гэдгийг хамгийн түрүүнд боддог байх ёстой юм. Нөгөө талд төрийн бодлого боловсруулагчид үнэхээр яах учраа олохгүй байгаа нь харагдаж байна" гэсэн юм. 

Улс үндэстнүүдийн хүлээлт болоод буй КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын зардлаа ч Монгол Улс 2021 оны баталсан төсөвтөө суулгаагүй байгаа нь УИХ, Засгийн газар эдийн засгийн хямралыг давахад ямар ч төлөвлөгөөгүй байсныг нотоллоо.

 

Энэ тухай эдийн засагч Б.Дөлгөөн “Монгол Улсын нийт ДНБ-ийг 40 их наяд төгрөг гэж үзвэл өдрийн 110 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл, бид бүх зүйлийг зогсоосноор өдөрт ийм хэмжээний мөнгө алдаж байна гэсэн үг. Тиймээс ч вакциныг нэг өдрийн өмнө ч болтугай хийх нь эдийн засгаа хамгаалж буй хэлбэр юм” гэж “Нүүдэл Шийдэл” нэвтрүүлгийн үеэр ярьсан юм. Мөн тэрбээр иргэдээ вакцинжуулах мөнгийг нэг, хоёр музейн барилгаас хэмнэсэн мөнгөнөөс л гаргах боломжтой тухай хэлж байлаа.

 

Эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс багш мөн "2021 оны төсөвт вакцины зардлыг заавал тусгах ёстой, гадаадын зээл тусламж байлаа ч төсвийн зардалд сууж өгөх ёстой. Улсын төсвийг ер нь яах гэж баталдаг вэ? Үндсэн зорилго нь иргэдийн төлөө л зарцуулах ёстой болохоос сонгуулийн төлөө биш шүү дээ. Гэтэл вакцины зардал төсөвт тусгаагүй байна гэдэг нь ард иргэдээ бодохгүй байна гэсэн үг. Вакцины зардлыг хамгийн үнэтэйгээр нь, дунджаар нь, хямдаар нь гээд бүх хувилбараар нь тооцоод төсөвт тусгасан байх ёстой" гэж байлаа. 

 

Аливаа хямралыг гүнзгийрүүлэхгүйн тулд Засгийн газар, төв банкны хамтын ажиллагаа чухал байдаг ч Монголд ийм нөхцөл байдал бүрэлдэж чадахгүй байна.

Хэдийгээр төв банк нь улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой ч төсөв, мөнгөний бодлогыг амжилттай уялдуулснаар хямралыг хохирол багатай даван туулах боломжтой.   

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "2020 оны эхний 10 сарын байдлаар арилжааны банкуудын зээлийн гаралт нэг их наяд төгрөгөөр хумигдсан. Монголбанк бодлогын хүүгээ үе шаттай бууруулсан ч бонд нь хоёр их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийг тэлэх орон зай хумигдсаар байна. Үүнд Засгийн газрын санаачилга дутаж байна. Бусад улс орны засгийн газар нь зээлийн батлан даалт хийх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засаг үүнд оролцохгүй учраас арилжааны банкууд эрсдэлээ бодоод зээлээ хумьчихаж байна. Ингээд үр дүнд нь ААН-үүд бүр л хүнд байдалд орж байна" гэсэн юм.