Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын тагнуулын хөлөг Туркийн ачааны хөлөгтэй мөргөлдөж живжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг
ОХУ-ын Лиман хөлөг

Өчигдөр үдээс хойш Оросын тагнуулын хөлөг онгоц Хар тэнгист Туркийн ачааны хөлөгтэй мөргөлдөж живсэн байна.

Живсэн Лиман нэртэй хөлөг нь Оросын Хар Тэнгисийн Флотын бүрэлдэхүүнд багтдаг юм. Харин Туркийн ачааны хөлөг мал тээвэрлэж явсан гэнэ. Хар Тэнгисийн Флотын хөлгүүд Босфорын хоолойгоор дамжиж Газрын дундад тэнгис, цаашлаад Сирийн баазад хүрдэг юм.

Туркийн ерөнхий сайд Бинали Илдирим Оросын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй утсаар ярьж, осол гарсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Лиман хөлгийн багийн гишүүн 78 хүнийг Туркийн аврах албаныхан эрэгт амжилттай гаргажээ.

Хөлгүүд мөргөлдсөн шалтгааныг одоогоор манан ихтэй, харагдах орчин муу байсантай холбож байна. Осол орон нутгийн цагаар 14:48 цагт Туркийн Килиос хотоос 29 км зайнд болжээ.

 

Оросын тал дүрмийн дагуу зорчиж явсан ба Туркийн ачааны хөлгийг ямар нэг буруу үйлдэл хийсэн гэж үзэж байгаагаа Хар Тэнгисийн Флот Интерфакс агентлагт мэдээлсэн байна. Туркийн ачааны хөлөг бага зэрэг гэмтсэн гэнэ. Лиман хөлгийн командлагч байсан адмирал Виктор Кравченко уг ослыг “хэвийн биш үзэгдэл” гээд “би олон мөргөлдөөн үзэж байсан ч үүн шиг байлдааны хөлгийг живэхэд хүргэсэн ослыг үзэж байгаагүй” гэж ярьжээ.

Лиман хөлөг 1970 онд Польшийн Гданьск хотод үйлдвэрлэгдсэн ба ЗХУ-ын умард флотод багтаж байгаад 1974 онд Хар Тэнгисийн Флотод шилжсэн юм байна.

Лиман хөлөг 1999 онд Югославийн эсрэг явуулсан НАТО-гийн ажиллагааг хянахаар Газрын дундад тэнгист илгээгдэхэд анх удаа олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд орж байсан юм.

 

Эх сурвалж: BBC

Зураг
4 минут