Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунчимэг: Мэргэжлийн байгууллагыг олон нийтийн сүлжээтэй харьцуулж болохгүй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Хуультай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

Зарим гишүүний ярианаас хүргэе. 

Юуг гүтгэн доромжилсонд тооцох вэ гэдгийг хуулиндаа оруулж өгөх хэрэгтэй

 УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 2-р зүйл дээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхийг хаасан хууль батлахыг хориглосон байгаа.

ХМХ-үүдийн гүйцэтгэх үүргийг хязгаарласан заалтыг оруулж өгч болохгүй.

Хүнийг илт гүтгэн доромжилсон бол хүлээлгэх хариуцлага нь эрүүгийн болон зөрчлийн хууль дээр байгаа.

Гэтэл дахиад гүтгэхийг зохицуулах хууль оруулж ирж яах юм бэ? 

Мэргэжлийн байгууллагыг олон нийтийн сүлжээтэй харьцуулж болохгүй.

Хуулийн заалтанд юуг гүтгэсэн гэх юм бэ гэдгийг тодорхой зааж өгөх хэрэгтэй" гэв.

Зөрчлийн хуулиар хэргийн 80 хувьд баривчлах шийтгэл оногдуулах заалт байхгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Торгуулийн мөнгөн дүнг яагаад хоёр, 20 саяар тогтоосон юм бэ? гэдэг асуудал гарч байна.

2016 онд зөрчлийн тухай хууль батлагдсан. Энэ хуулиар гүтгэх доромжлох харилцааг эрүүгийн агуулгаар биш зөрчилд хамааруулахаар болж, хариуцлагыг тодорхой болгож өгсөн.

600 гаруй зөрчлийг зөрчлийн тухай хуульд хамааруулж авч үзнэ.

Гишүүдийн яриад байгаа шиг зөрчлийн хуулиар хэргийн 80 хувьд баривчлах шийтгэл оногдуулах заалт байхгүй.

Дараах хэдэн зүйлд баривчлах шийтгэл оногдуулна.

  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн
  • Хулгайн гэм хэрэг
  • Танхайрсан этгээд
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 хоног баривчилна. Зөрчил шалган шийдвэрлэх процесс нь 14 хоногт багтааж явагдана гэж тусгасан" гэлээ.

Шийтгэлийн хэмжээг нэмсэн шоронжсон хууль батлах нь ээ

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Л.Болд "Зөрчлийн хууль энэ байдлаараа батлагдах ямар ч боломжгүй.

Орой найз нөхөд ирээд шуугиан гаргах гэх мэт бүх иргэнийг гэмт хэрэгтэн шиг авч үзээд хуулийн байгууллагынхан дуртай хүнээ шийтгэх, торгох эрхтэй болчихлоо.

Зөрчлийн хуулиар хэргийн 80 орчим хувийг баривчлах  шийтгэлд оруулчихлаа. Иргэн, компани бүр хуулийн байгууллагын өмнө уяатай байх нь шүү дээ.

Шийтгэлийн хэмжээг нэмсэн шоронжсон хууль батлах нь ээ"гэв.