Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хүний эрхийн тал дээр анхааръя

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэж байна.

Энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн төслүүдтэй холбоотой саналаа хэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хүний эрхийн тал дээр анхаарч оруулъя. Хууль шүүхийн байгууллагаас гардаг зарим дутагдалтай зүйлийг арилгах талаар анхаарч ажиллаж байгаа гэдэгт найдаж байна.

Төрийн барих гол бодлого иргэдийг яллах, буруутгах биш эрхийг нь хамгаалах талыг барьж шийдэх чиглэлээр анхаарч ажиллаарай. Хуулийн төслүүдтэй холбоотой санал хэлье.

Нэгдүгээрт, Шүүх дээр хэрэг очсон бол заавал шийдэгддэг байх ёстой. Нэг бол хариуцлагыг нь тооцдог эсвэл цагаатгадаг байх тал дээр онцгой анхаармаар байна.

Үүнийг шийдэхгүй бол иргэд, аж ахуйн нэгжийг чирэгдүүлдэг зүйл байсаар байна.

Хоёрдугаар, Ойрын өдрүүдэд иргэдийн мэдээлэл авах эрхтэй холбоотой асуудал их гарлаа.

Цаашдаа хууль тогтоох байгууллагаас шийдвэр гаргахдаа иргэдийн эрх ашгийг нэн түрүүнд тавих хэрэгтэй. Эхлээд төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох учиртай.

Ингэхгүйгээр иргэдийн эрхийг боомилсон ямар нэгэн заалтыг оруулж болохгүй. Олон нийтийн сүлжээний асуудлыг техникээр бүрэн шийдэх боломжтой.

"Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хувьд далдуур Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэхээр заалтууд багтсан байна гэдгийг гишүүд хэлж байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Аливаа асуудлыг шууд торгоно, шийтгэнэ гэж болохгүй. Албан тушаалтнуудыг гүтгэсэн гэсэн асуудлыг эрүү болон зөрчлийн хуулиас авч хаямаар байна.

Зөрчлийн хуулиар  торгууль нэмлээ гэчихээд түүнийгээ буцаагаад татчихаж байгаа нь цаанаа бодлоготой санагдаж байгаа.

Нэмэлт торгуулиа буцаагаад татчихаар үндсэн торгууль нь үлдчихэж байгаа юм.

Ер нь албан тушаалтнуудын үнэнийг олохын тулд эхлээд хардах хэрэгтэй байдаг.

Гэтэл одоо хэвлэл мэдээллийнхэн хардах ч эрхгүй болчихлоо.  

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хувьд далдуур Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэхээр заалтууд багтсан байна гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байна.

Гэтэл тэдний асуусан асуултад тодорхой оновчтой тайлбарыг хууль санаачлагчид болон Ажлын хэсгийнхэн өгөхгүй байгаа. Энэ тал дээр анхаараарай.

Миний хэлж байгаа саналыг хүлээн авч бичгээр мэдэгдэхийг хүсч байна" гэв. 


УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, 15:00 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.