Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Юнайтед Айрлайнз зорчигчоо чирч буулгахын оронд мөнгө өгч буулгахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Суудал дүүрсэн онгоцноос зорчигчоо хүчээр буулгаж нэр хүнд нь ихээр унаад байгаа Америкийн Юнайтед Айрлайнз компани бодлогодоо өөрчлөлт оруулж байгаагаа зарлажээ.

Энэ сарын эхээр тус компани Чикагогоос хөөрөх байсан онгоцонд суудал гаргахын тулд вьетнам гаралтай америкийн иргэн, 69 настай Дэвид Даод хүч хэрэглэн буулгасан хэрэг гарсан юм. Уг үйл явдлын дүрс бичлэг дэлхий дахинд тарж, 600 сая удаа үзсэний ихэнх нь Хятадын хэрэглэгчид байв.

Тэгвэл Юнайтед Айрлайнз алдаанаасаа сургамж авч, суудал чөлөөлөх шаардлага гарвал сайн дураараа суудлаа өгсөн зорчигчид $10,000 хүртэл хэмжээний нөхөн олговор өгөхөөр болжээ.

Хэрвээ аюулгүй байдлын ноцтой асуудал үүсээгүй л бол суудал чөлөөлөхөд хүч хэрэглэхгүй, зөвхөн сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх гэнэ.

Үүнээс гадна жил бүр ажилтнуудаа зорчигчтой харьцах сургалтанд хамруулах, суудал хэт дүүргэхээс сэргийлэх, үүссэн асуудлыг газар дээр нь шийдэх эрхийг нисэх багийнханд өгөх зэрэг арга хэмжээ авахаар болжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post