Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Катарчууд барьцааны мөнгөний хэмжээнд түүхэн дээд амжилт тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Багдадын олон улсын нисэх буудал

Энэ сарын эхээр Иракийн нийслэл Багдадын олон улсын нисэх буудлын ажилчид Катараас ирсэн онгоцноос буусан 23 том цүнхийг рентген туяаны хяналтаар оруулсан юм.

Гэвч тэдгээр цүнхнүүдэд байгаа эд зүйлсийг рентген төхөөрөмжид харагддаггүй материалаар савласан байсан нь анхаарал татаж, задлах үед дотроос нь $500 сая бэлнээр гарчээ. Энэ их мөнгийг яах гэж Ирак руу нэвтрүүлэхээр завдсан нь удалгүй тодорхой болсон байна.

16 сарын өмнө Катарын 24 иргэн, түүний дотор Катарын тэргүүлэх аль-Тани овгийн язгууртан хэд хэдэн хүн, Саудын Арабын 2 иргэн харьцангуй тайванд тооцогддог өмнөд Иракт шонхор шувуугаар ан хийж байгаад Шиа исламын урсгалын дайчдад барьцаалагджээ.

Тэднийг суллахаар барьцааны мөнгө илгээсэн нь энэ байв. $500 сая бол түүхэнд тохиолдож  байгаагүй их хэмжээтэй барьцааны мөнгө юм. Анх Иракийн ерөнхий сайд Хайдер аль-Абадид Катараас захидал ирж, барьцаалагдсан хүмүүсээ авч явах онгоцыг Багдадад буулгахыг хүссэн байжээ. Гэтэл ирсэн онгоцноос нь огт ярьж тохироогүй их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн нь энэ юм байна.

Онгоцонд Катарын Ирак дахь элчин сайд, Катарын эмирийн тусгай төлөөлөгч зэрэг албаны хүмүүс явж байсан ч мөнгийг нууцлах гэж оролдолгүй нээж үзүүлжээ. Ингэх болсон шалтгаан нь тэд нисэх буудлын ажилтнууд дотор барьцаалагчдын талын хүмүүс байгаа тул асуудал үүсгэхгүй зохицуулна гэж итгэж байсан гэнэ.

Ингэж нууцаар их хэмжээний мөнгө нэвтрүүлэх гэж оролдсонд Иракийн эрх баригчид ихээхэн дургүй байгаа ажээ. Учир нь зэвсэгт бүлэглэлүүдэд ийм хэмжээний санхүүжилт хийснээр эргээд Иракийн тогтвортой байдалд заналхийлэх юм.

Ерөнхий сайд Абади өөрийнх нь улс орон Катар, Иран, Ливаны Хезболлах бүлэглэл зэрэг гадны хүчнүүдийн тоглоомын талбар болж байгаад ихэд бухимдан “Катарчуудын мөнгийг Ирак дахь зэвсэгт бүлэглэлүүдэд дамжуулсан бол дайныг улам өдөөсөн хэрэг болно” гэжээ.

Одоо Иракийн засгийн газар хагас тэрбум долларын бэлэн мөнгийг яах талаар хэлэлцэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Independent