Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Ши Жиньпин Хойд Солонгосын асуудлаар Дональд Трамптай утсаар ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг төгсгөл болгоход хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ зөвхөн энхийн замаар шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Үүнээс хэдхэн цагийн өмнө Трамп твиттер хуудсандаа хэрвээ Хятад асуудлыг шийдэхэд туслахгүй бол АНУ дангаараа арга хэмжээ авна гэж мэдэгдээд байсан юм.

Хоёр удирдагчийн утасны ярианы товч агуулгыг Хятадын гадаад хэргийн яам олон нийтэд тараажээ. Ши Жиньпин Солонгосын хойгийн тогтвортой байдал чухал болохыг Трампад илэрхийлээд хүчирхийллийн аргаар бус, энхийн замаар шийдэлд хүрэх хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.

Хэрвээ Хойд Солонгосын асуудлыг шийдэхэд тусалбал Хятадтай хийх худалдаанд таатай нөхцөл үзүүлэхээ Трамп амласан юм.

Одоогийн байдлаар Номхон далайн тэнгисийн цэргийн бүлэглэлээ АНУ Солонгосын хойгт шилжүүлээд байгаа бол Хойд Солонгос АНУ-тай дайтахад бэлэн гэдгээ зарлаад байна.

Хойд Солонгосын дэглэмийг хүчээр нурааж, үр дүнд нь Зүүн Хойд Азийн бүс нутагт тогтворгүй байдал үүсэн, олон тооны дүрвэгч хилээр нь цутгаж, Пьёньяний засгийн эрхийг Америкийн талыг баримтлагч хүчин авахыг хүсэхгүй байгаагаа Бээжин Вашингтонд мөн илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Associated Press