Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Тайвань нохой, муурны мах идэхийг хориглосон Азийн анхны улс боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн хандлага өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Тайвань улс нохой, муурны махыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон нь тус арлыг ийм хууль хэрэгжүүлсэн Азийн анхны улс болгож байна.

Шинэчлэгдсэн Амьтан Хамгаалах хуулинд нохой, муурны мах идсэн хүнд 250,000 тайвань долларын ($8,180) торгууль ноогдуулах бол нохой, муурын амийг хөнөөсөн, зовоосон хүн хоёр хүртэл жил хоригдож, 2 сая тайвань долларын ($65,400) торгууль хүлээхээр заасан гэнэ.

Хэргийг давтан үйлдвэл 5 хүртэл жил хоригдож, илүү их торгууль хүлээх ба нэр, зургийг нь олонд зарлаж шившиг болгохоор тусгасан байна.

Мөн эзэн нь өөрөө мотоцикль, скүтер, автомашин унаж явахдаа нохой, муураа хөтөлж алхуулахыг хууль бус гэж үзэхээр болжээ. Шинэчилсэн хуулийн төслийг ерөнхийлөгч баталснаар энэ сарын сүүлээр хэрэгжиж эхлэхээр болж байна.

Нохойн мах идэх нь Азид төдийлөн түгээмэл үзэгдэл биш, зарим орон нутгийн хэмжээний хоолны соёлд байдаг бол муурны мах үүнээс ч ховор хэрэглэгддэг.

Өмнө нь Тайваньд нохойн махыг өргөн хэрэглэдэг байснаа сүүлийн үед нохойг хоол хүнс биш, гэрийн тэжээвэр амьтан гэж харах болсон байна.

Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн нь мууранд хайртай гэдгээрээ алдартай нэгэн ба сонгуулийн сурталчилгааныхаа үеэр өөрийн хоёр муурны зургийг ашиглаж байжээ. Тэр бас өнгөрсөн жил гурван хөтөч нохойн эзэн болсон гэдэг мэдээлэл бий.

Нохойг хүнсэнд хэрэглэх хамгийн том арга хэмжээ нь жил бүр Хятадад болдог Юлиний нохойн махны наадам юм. Өмнөд Хятадад орших Юлинь хотод энэ үеэр 10,000 нохойг нядалж, хоол хүнсэнд хэрэглэдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд амьтны эрхийг хамгаалагчдын анхаарлыг татаж, дарамт шахалтад орох болсон юм.

Тайваньд 2001 онд нохой, муурны махыг зарахыг хориглож байсан бол зарим засаг захиргааны нэгжүүдэд хүнсэнд хэрэглэхийг хориглож байжээ. Хонг Конг Британий колони байхдаа нохой, муурыг нядлах, махыг нь зарахыг хориглож байсан ч хүнсэнд хэрэглэхийг хориглодоггүй байсан юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

Зураг
1 | 28 минут