Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: Банкуудад шилжүүлсэн 500 сая ам.долларыг эргүүлэн тат

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын хаврын чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийж байнгын хороонд шилжүүлсэн.

Мөн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн.

Харин өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн хоёрдугаар дүгнэлтийг танилцуулна.

 Мөн 2017 оны төсвийн тодотгол болон Нийгмийн даатгалын хуульд  оны нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэх юм. 

Үргэлжлүүлэн эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийх юм.

 Хуралдаан 55.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Эдгээр асуудлыг хэлэлцэх хүрээнд гишүүд саналаа хэллээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар тэтгэврийн нас 65 болно, Нийгмийн даатгалыг таван хувиар нэмнэ.

Валютын сангийн 400 сая ам.доллар хэрэгтэй учраас ийм алхам хийж байна гэж ойлгож байна.

Голомт банк, Худалдаа Хөгжлийн Банкинд 500 сая ам.доллар шилжүүлсэн байна. Энэ мөнгөө ашигла л даа.

 Орхон аймагт л гэхэд төрийн албанд хоёр машин байдаг. Дээрээс нь сая Эрдэнэт үйлдвэрийн дарга шинээр Lexus 570 авсан. Банкинд 3.5 тэрбум ам.доллар байна шүү дээ. 13 дэд сайдын төсвийг хүртэл тэглэчих л дээ.

Нэг лиценз зарахад 400 сая ам.доллар олддог юм байна шүү дээ. Буйдантай суулт хийхэд туслаач ээ. Төсвийн тодотголын хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийг хийлгэмээргүй байна.” гэв

УИХ-ын дарга M.Энхболд "О.Баасанхүү гишүүний гаргаж байгаа саналыг хүлээж авах боломжгүй. Нэгэнт байнгын хороогоор хэлэлцэгдчихсэн.Та Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа жип унах гэж ямар их яриа хийж байлаа.

Үүнийгээ мартаж болохгүй шүү.” гэлээ

Чуулганы хуралдаанаар Концессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эргүүлэн татах шийвдэрийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ "2017 оны төсвийн тодотгол"-той холбоотой тодруулах зүйл байна.Тав хоногийн завсарлага авъя" гэсэн саналыг тавьсан юм.Харин УИХ-ын дарга M.Энхболдын шийдвэрээр чуулган гурван цагийн дараа үргэлжлэхээр боллоо. 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ завсарлага авах шалтгаанаа ийнхүү тайлбарлалаа.

 Нэгдүгээрт: ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийг боловсруулахад ОУВС оролцсон эсэхийг зайлшгүй тодруулах хэрэгтэй байна

Хоёрдугаарт: Өнгөрсөн жилүүдэд бид Монгол Улсын хүүхдийн мөнгө авах эрх бүхий 1 сая 100 мянган хүүхдэд 223.2 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөөр ирсэн билээ.

Гэвч 2016 оны төсвийн тодотголоор 2016 оны 7 дугаар сараас эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд, 2017 оны төсвийн тодотголд 2018 онд нийт өрхийн 50 хувийг, 2019 оноос нийт өрхийн 40 хувийг тус тус хамруулахаар тооцсон ба 2018-2020 онуудад 28.8-187.2 тэрбум төгрөг хэмнэгдэнэ гэж тусгажээ.

Иймд 2017 оны төсвийн тодотголд Монголын ирээдүйд оруулж буй бидний хамгийн зөв хөрөнгө оруулалт болох хүүхдийн мөнгийг танасан хирнээ сайд нарынхаа төсвийг 404 тэрбумаар нэмэгдүүлж байгааг эргэн харах шаардлагатай байна.

 Гуравдугаарт: Монгол хүний дундаж наслалт 65 нас байдаг. Гэвч тэтгэврийн насныг дэлхийн жишигт буюу 65 нас болгохоор төсөлд тусгасан нь ажилгүйдэл өндөр, эрс тэс уур амьсгалтай үйлдвэрлэл сул хөгжсөн манай оронд яавч тохирохгүй.

Иймд Монголын нөхцөлийг дутуу үнэлсэн уг асуудлыг эргэн харах хэрэгтэй байна.

 Дөрөвдүгээрт: Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлтэй автомашины онцгой албан татварыг 50 хувиар нэмэх асуудлыг дэмжих боломжгүй байна.

Тухайлбал ард түмний унаа болоод байгаа “ Приус “ төрлийн авто машины онцгой албан татвар насжилтаасаа хамаараад 0-3 жил бол 375.000 төгрөг, 4-6 жил бол 800.000 төгрөг, 7-9 жил бол 1,675.000 төгрөг, 10-с дээш жил бол 5,000.000 төгрөг хүртэл нэмэгдэхээр байгаа тул уг асуудлыг эргэн харж залруулах нь зүйтэй гэж үзэж байна.

 Тавдугаарт: Иргэддээ татварын ачаалал үрүүлж, цалингийн өсөлтийн талаар тэр дундаа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг царцаасан, хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгож 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 88 тэрбум төгрөг, 2019 онд 84 тэрбум төгрөгөөр төсвийн орлого нэмэгдүүлэх хуулийн төслийг эргэн харах шаардлага байна.

Зургаадугаарт: Эдийн засаг хямралтай, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого буурсан хүнд нөхцөл байдалд НДШ-ийг нэмэгдүүлэх нь ажлын байр буурах, улмаар ядуурал ихсэх нөхцөл болно.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар 2018-2021 онуудад 117.1293.6 тэрбум төгрөгөөр шимтгэлийн орлого нэмэгдэнэ гэж үзсэн. Иймд эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлж байгааг дэмжих боломжгүй юм.

 Долоодугаарт: ОУВС-ын шаардлага нь орлогоо нэмэгдүүл, зардалаа хас, алдагдалаа бууруул гэсэн шаардлага тавьсан гэж бид ойлгож байгаа.

Гэвч 2017 оны төсвөөр Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6,160.2 тэрбум төгрөгөөр баталсан атлаа 2017 оны тодотголд 6,015,7 тэрбум буюу 144.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар, Төсвийн зарлагыг 2017 оны төсөвт 8,568.9 тэрбум байхаар баталсан боловч 2017 оны тодотголд 8,789.8 тэрбум буюу 220.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Нэгдсэн төсвийн алдагдлыг 2017 оны төсөвт -2,408.7 тэрбум төгрөгөөр баталж байсан хэдий ч 2017 оны төсвийн тодотголд -2,774.1 тэрбум буюу – 365,4 тэрбум төгрөгний алдагдалтай байхаар оруулж ирсэн нь Засгийн газар ОУВС-ын зөвлөмж, шаардлагын хангахгүй байгаа нь харагдаж байна.

Наймдугаарт: Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон батлан хамгаалах, хилийн цэрэг, онцгой байдлын алба хаагчдын нийгмийн баталгааг дордуулсан Цэргийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй юм.

Хэрэв уг төсөл батлагдвал гадаадад цэргийн чиглэлээр гадаадад боловсрол эзэмшиж буй 450 гаруй алба хаагч нар суралцах боломжгүй болохгэх мэт цэргийн алба хаагчдийн нийгмийн баталгаа алдагдахад хүрээд байна.

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 19:00 цагаас үргэлжилнэ.