Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчид НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХЭЭ ЗАРЛАСАН БААБАРын өгүүллээс ОНЦЛОХ 3 САНАА

Б.Ану
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

"Өдрийн Сонин" -оор дамжуулж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан хоёр нүүр өгүүллийг Баабар гуай бичжээ. 

Тэрбээр 20 жил завсарласан улстөрийн амьдралд эргэн яагаад ирэх болсноо ийн тайлбарласан байна. 

Нэг. 

Тэрбээр өгүүлэлдээ одоогийн хоёр том намыг ийнхүү дүрсэлжээ.

"Нэг намын удирдагч нь зуун мянга гаруй уяачийг нэгтгэсэн сүлжээтэй. Яахав монгол хүн болохоор морь, бөхөндөө дуртай, үүнийг ашиглаж буй хэрэг. Энэ сүлжээгээр хээл хахууль, шагнал урамшуулал урсана. Мэдээж бүгдэд нь хүрэлцэхгүй. Тэгээд ч олонх нь хэн нэгэнд эрх мэдэл олж өгөх тоглоомын шатрын хүү байгаагаа огт мэдэхгүй. Энэ бол төрийн эрх дээрэмдэж авах хэрэгсэл нь. Нөгөө намын толгойлогч нь намын анхан шатны үүрийн дарга нарыг өөрийн хүмүүсээр тавьжээ. Цэцэрлэг, сургууль, шоронд байсан хүмүүс нь. Чамаас дээрэмдэж авсан мөнгөөрөө тэднээ цалинжуулж гөлөг болгоно. Төрийн эрх мэдлийг булааж авах бас нэг хүчирхэг сүлжээ"

Хоёр. 

Чухам яагаад Баабар улстөрд эргэн ирэх болов?

"18-60 насны эрчүүд хагас сая. Гэтэл 100 мянга нь харьд. 10 мянга нь шоронд. 100 мянга нь сархадын нөхөр. Мөн тэр тооны ажилгүй, дампуучууд.

...Ингэхээр дүү минь улс орноо үүрээд чирээд явахуйц өрх гэрийн сүр сүлд байх учиртай хэчнээн эрчүүд цаана нь үлдэв? Өрх тэргүүлсэн эр хүн, жирийн нэг иргэн, эр цэрэг, оюутан, ажилтан чи энэ дотор живж байгаагаа ойлгож байна уу. Гэр орноо авч явах, үр хүүхдээ тэжээх гэж нуруугаа бөгтийтөл зүтгэх чиний хөлс хүч хаачив?

Чиний хөдөлмөрлөж олсон жаахан мөнгө үргэлж дутагдаж үргэлж хомсодсон хэвээрээ. Ингээд харахаар юу бодогдож байна. Чи ажиллан ажиллан хоосорсоор, тэр амран амран баяжсаар байх юм уу цаашид? Энэ бүхнийг хамтдаа шүүхээр та нарт хандаж байна..."  гэжээ. 

Гурав. 

Баабар Ерөнхийлөгч болвол:

"Мэдээж би Ерөнхийлөгч болвол хэдхэн жилийн дотор улс орноо бүрэн эмхэлж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэхүү том эрх мэдлээр дамжуулан төрийн гол багана болсон улс төрийн намуудын мафийн гараас салгаж дөнгөнө. Хулгайч нарын байх ёстой газар нь төрийн сэнтий биш шорон юм. 

Би ард түмнийг гэнэт баяжуулж чадахгүй. Гэхдээ гуулийг хууль болгож, бүгдэд нь шинэ боломж бололцоо нээж өгч чадна" гэсэн байна.

Мөн тэрбээр өгүүллийн төгсгөл хэсэгтээ "Бүхий гэмтнүүд аймхай, бүхий нүгэлтнүүд цочимтгой байдаг. Бидэнд зориг гэдэг зэвсэг байна. Энэ зэвсгээрээ бид тэдний их мөнгийг ч, мөнгөөрөө худалдаж авсан эрх мэдлийг нь ч ялж чадна. Бид юу ч алдахгүй, харин алдсанаа эргүүлж олж авна" гэжээ. 

Та түүний өгүүллийг бүрэн эхээр нь "Өдрийн Сонин"-оос уншаарай. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.