Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын морины соёлыг 3,000 жилийн өмнөөс эхлэлтэй гэж дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголчуудын морины соёлыг одоогоос 3,000 гаруй жилийн өмнө өнөөгийн Монгол улсын газар нутагт үүссэн гэх дүгнэлтийг судлаачид хийжээ.

Гуравдугаар сарын 31-нд Journal of Archaeological Science сэтгүүлд нийтлэгдсэн материалд Монголын тал нутагт түгээмэл тааралддаг Буган хөшөөний дороос олдсон адууны ясны насыг тодорхойлох замаар энэ хугацааг тодорхойлсон тухай өгүүлсэн байна.

Буган хөшөө болон хиргисүүр гэгддэг булшнуудын дороос адууны яс олноор олддог. Тэгвэл Макс Планкийн нэрэмжит Хүн төрөлхтний Түүхийн Ухааны хүрээлэн, Иелийн Их сургууль, Чикагогийн Их сургууль, Монгол Судлалын Америкийн Төв, Монголын Үндэсний Түүхийн Музейн хамтарсан судлаачид радиокарбон технологийг ашиглан булшнаас гаргасан адууны яснуудын насыг тодорхойлсон байна.

Үүнээс өмнө Монгол дах хүрлийн үеийн адууны олдворууд дээр ийм арга хэрэглэж байсан. Гэвч тухайн нэг олдворын нас нь байгалийн нөлөөлөл, бусад хүчин зүйлээс болоод хэлбэлзэлтэй, алдаа ихтэй гардаг аж.

Тиймээс бүлэг олдворуудын мэдээлэл дээр Бэйезийн шинжилгээ (Bayesian analysis) хэмээх статистикийн техникийг хэрэглэж, нарийвчлалыг нь сайжруулснаар Монгол нутагт адууг гаршуулсан хугацааг тогтоосон юм байна.

Ингэж гаргасан судалгааны дүгнэлтээр бол Бугын чулуун хөшөө, хиргисүүрүүдийн дороос олдсон хамгийн эртний адуу нь Нийтийн Тооллоос 1,200 орчим жилийн өмнөх гэж батлагджээ.

Энэ нь морь унасан хүмүүсийн тухай анхны түүхэн бичлэгээс хэдэн зууны өмнөх баримт гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл  Монголчуудын морины соёл одоогоос 3,000 гаруй жилийн өмнө зүүн Евразийн тал нутагт буюу өнөөгийн Монголын нутаг дэвсгэрт үүссэн гэж дүгнэжээ.

Азийн нүүдэлчид өнөө цагийн глобалчлалын эхийг тавьсан гэсэн үзэл сүүлийн үед олон улсын эрдэмтдийн анхаарлыг ихээр татах болсон юм. Тиймээс Монголчууд морь унах болсон цагаас эхлэн Еврази даяар соёл, худалдааны солилцоо явагдаж эхэлсэн гэж үзээд сонирхон судлах болсон байна.

 

Эх сурвалж: Science Direct