Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын асуудлаар Хятадтай наймаалцах санал тавьснаа Трамп мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн тэргүүнтэй Флоридад уулзсанаасаа хойш анх удаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтаар ярилцсан зүйлийнхээ тухай твиттер хуудсандаа бичжээ.

Мягмар гарагт бичсэн мэдэгдэлдээ Трамп “Хэрвээ Хойд Солонгосын асуудлыг шийдэж өгвөл Хятадын Америктай хийх худалдаа хамаагүй сайжирна гэдгийг би БНХАУ-ын даргад тайлбарласан” гэсэн байна.

Үүнийхээ дараа тэр “Хойд Солонгос аюул учруулахыг санаархаж байна. Хэрвээ Хятад улс энэ асуудлыг шийдэхэд тусалбал маш сайн. Харин үгүй гэвэл бид өөрсдөө тэдэнгүйгээр шийдэх болно” гэж нэмж тайлбарлажээ.

Трампын саналыг ч Хятадууд хүлээж авсан байж болзошгүй байна. Учир нь Даваа гарагт Солонгосын хойгийн асуудлыг хариуцсан Хятадын тусгай төлөөлөгч У Давэй Өмнөд Солонгосын талтай Сөүлд уулзалт хийсэн юм. Өмнөд Солонгосын тал уулзалтын дараа Хойд Солонгосын эсрэг НҮБ-ын тавьснаас ч хатуу хориг арга хэмжээг авахаар тохиролцсон гэдгээ мэдэгдсэн.

Энэ сарын 15-нд улс орныг нь үүсгэн байгуулагч, их удирдагч Ким Ил Суны мэндэлсний 105 жилийн ой тохиож байгаа ба энэ үеэр Хойд Солонгос ямар нэг зэвсгийн туршилт хийж магадгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press