Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сирийн засгийн газарт АНУ анх удаа пуужингийн цохилт өглөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласны хариуд АНУ далавчит пуужингийн цохилтыг Сирид дөнгөж сая өгсөн талаар Вашингтоны албаныхан мэдээллээ.

Энэ цохилт нь АНУ-аас анх удаа Сирийн засгийн газрын эсрэг хийсэн довтолгоо бөгөөд Дональд Трамп ерөнхийлөгч болсноосоо хойш хийж байгаа хамгийн том цэргийн ажиллагаа юм.

Сирийн иргэний дайнд АНУ оролцохыг эсэргүүцдэг байсан Трампын хувьд энэ нь гэнэтийн алхам болж байна. Гэвч тэрээр химийн зэвсэгт өртөж амиа алдсан хүүхдүүдийн зургийг тарсны дараа уг явдлыг “хүн төрөлхтний эсрэг жигшмээр үйлдэл” гэж нэрлээд “маш олон хил хязгаарыг давсан хэрэг” гэж тодорхойлж байв.

Газар дундын тэнгист байрлах байлдааны хөлгөөс 60 орчим томагавк пуужинг Сирийн агаарын бааз руу харважээ. Энэ баазаас Сирийн засгийн газар сарин хэмээх химийн хортой бодисыг тээвэрлэж, энгийн иргэд суурьшсан бүсэд зэвсэг болгон ашигласан гэж Вашингтон үзэж байгаа юм.

БНХАУ-ын төрийн тэргүүнтэй уулзахаар Флорида руу нисэж явахдаа Трамп “Сирид болсон хэрэг явдал нь үнэхээр жигшмээр зүйл. Ийм хэрэг гарах ёсгүй байсан, цаашдаа ч гарах ёсгүй” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

АНУ-ын пуужингийн цохилт Трамп, Ши нарын уулзалтын үеэр болж байгаа нь тохиолдлын хэрэг биш байх магадлалтай. Учир нь Хойд Солонгосын асуудлаар хэлэлцэх гэж байгаа Трамп хэдийгээр Хятадын тал хөдлөхгүй байсан ч Вашингтон цэргийн ажиллагаа явуулахаас буцахгүй гэдгээ ийм байдлаар илэрхийлж байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: Associated Press