Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын нэг жилийн хог хаягдлын хэмжээ 1.1 сая тонн-д хүрдэг бөгөөд үүнийг 2012 оны тоо хэмжээтэй харьцуулахад даруй 83 хувиар өсчээ.

1.1 сая тн хогийг Улаанбаатар хотын төвлөрсөн гурав, алслагдсан гурван дүүрэг тус бүрийн гурван цэг буюу нийт зургаан цэг дээр төвлөрүүлэн дарж булан, эцсийн устгалын үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд гурван томоохон хогийн цэг байдгийн нэг нь Цагаан даваа. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 3,000 тонн хог гардгаас 100 тонн нь Цагаан даваагийн хогийн цэгт ирдэг бөгөөд үүнийг ландфилл буюу дарж булах технологиор устгадаг юм байна.

Энэ технологийг 2020 он хүртэл ашиглах төлөвлөгөөтэй байгаа боловч цаашид хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах тал дээр ажиллаж байгаа талаар Цагаан давааны хогийн цэгийг хариуцан ажилладаг албаныхан хэлж байсан юм.

Дахин боловруулах боломжтой, дахин боловсруулах боломжгүй гэдгийг иргэд ангилан ялгадаг байх шаардлагатай.

Мэдээж хог боловсруулах үйлдвэр байгуулж, үйл ажиллагааг нь явуулахын тулд хог хаягдал үүсгэгч эх үүсвэрийн шатнаас нь хогийг ангилан ялгаж, дамжуулах өөрөөр хэлбэл дахин боловруулах боломжтой, дахин боловсруулах боломжгүй гэдгийг иргэд ангилан ялгадаг байх шаардлагатай.

Ерөнхийдөө өндөр хөгжилтэй орнуудад дарж булах технологийг ашиглахаа больж, аль болох бүрэн хэмжээгээр боловсруулах үйлдвэрлэлийн арга технологид шилжсэн байдаг.

Харин энэ технологийг манай улсад хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатай бөгөөд энэ талаарх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэж БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа хэлж байлаа.

 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 23 аж ахуйн нэгж хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн албаны тоон мэдээлэл байна. Үүнийг дараах графикаар илүү тодорхой харууллаа.

Хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагаа явуулж ААН-үүд...

Бид Хотын Захирагчийн хамт хог хаягдлыг боловсруулах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай танилцахаар эхлээд хаягдал дугуй буталж, боловсруулан гудамж талбайд ашиглаж болохуйц дэвсгэр хавтан үйлдвэрлэдэг Инархис ХХК-ийг зорьж очлоо.

БЗД-ийн 22-р хороонд үйл ажиллагаагаа явуулдаг тус компани 2007 онд байгуулагдсан бөгөөд нийтдээ 8 сая хаягдал дугуй боловсруулж, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн резинэн хавтан үйлдвэрлэжээ.

Инархис ХХК-ийн захирал Н.Мөнхбаяр “Үйлдвэрийн ачаар хаягдал дугуй хогийн цэг дээр огт очихгүй, өөрсдөө дугуй засваруудаас дугуйгаа худалдаж авдаг. Борлуулалттай холбоотой асуудлаас болоод бид тогтвортой үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна.

 

Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбай байгуулах тендерт ихэвчлэн БНХАУ-аас хавтан оруулж ирдэг аж ахуйн нэгж шалгардаг. Учир нь хямд үнэтэй. Үйлдвэрлэсэн хавтандаа бид жилийн баталгаа өгдөг байсан бол одоо насан туршийн баталгаа өгдөг болсон. Хавтан бутарлаа гэж бодоход зөрүүлээд шинийг боловсруулаад өгнө.

Тэгэхээр гадны чанаргүй бүтээгдэхүүнийг олон дахин худалдаж авахаар дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг байх нь хэн хэндээ хэрэгтэй” гэсэн юм.

"Ижил төстэй бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмж, дотоодынхоо үйлдвэрийг дэмжээсэй"

Хог хаягдал дахин боловсруулах ялгах саармагжуулах үйлдвзрүүд төрийн тодорхой дэмжлэг авч ажиллах нь ажлын байрыг бодитоор нэмэгдүүлэхээс гадна, цэвэр цэмцгэр, өнгө үзэмж сайтай Улаанбаатар хот болох зорилго богино хугацаанд биелэгдэнэ гэж хувийн хэвшлүүд үзэж байгаа ажээ.

Гэвч үйл ажиллагаатай нь танилцсан үйлдвэрүүдийн төлөөлөгчид борлуулалтын асуудлыг онцлон ярьж байсан нь нийтлэг байв.

 

“Хэв хашмал хуванцар” ХХК-ийн захирал Э.Хүдэрбат “Манай үйлдвэрт анхдагч түүхий эдээр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хоёрдогч түүхий эдээр барилга, зам гүүрт өргөнөөр ашиглагдах арматур өндөрлөгч, зай баригч гэх мэтчилэн 40-өөд нэр төрлийн бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэж байна.

Үйлдвэр байгуулсны дараа борлуулалтын бэрхшээл гардаг. Мөн ижил төстэй бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмж, дотоодынхоо үйлдвэрийг дэмжээсэй гэж хүсмээж байна” гэв.

Хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэрүүдээс гадна хувиараа хог хаягдал ялгаж цааш дахин боловсруулах үйлдвэрт борлуулдаг иргэд цөөнгүй байдаг.

Тэд хот тохижилтын өөрсдийн хувь нэмрийг оруулж, хотын хог хаягдлын тодорхой хэмжээг тээвэрлэн дамжуулдаг хэдий ч тусгай үйл ажиллагаа явуулах газар байхгүй, тээвэрлэх явцад цагдаа нараас хэмжээ хэтрүүлэн ачаа тээвэрлэсэн зэрэг дарамт ирдэг тухай БЗД-ын 22-р хороонд хувиараа түүхий эд ангилан ялгаж, дамжуулах үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Гантулга уулзалтын үеэр хэлж байсан юм.

Тэрбээр “Бид өөрсдийн амьдарч буй орчиндоо ажлаа явуулж байна. Хог хаягдлаа хашаандаа ангилан ялгадаг нь ойр орчимд амьдарч буй өрхүүдэд хүндрэлтэй байдаг.

Мөн хуванцар сав хөнгөн боловч ачаад явахад овор ихтэй харагддаг учраас цагдаа нараас торгууль их ирдэг.

Тиймээс хотын захад үйл ажиллагаагаа явуулах газартай болж, аж  ахуйн нэгжүүд өөрсдөө очиж авдаг болвол асуудал шийдэгдэх боломжтой” гэв.


Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд эх үүсвэрээс гарах хог хаягдлын хэмжээг багасгах чиг хандлагыг бид өнөөдөр баримталсаар байгаа. Эх үүсвэрээс гарах хог хаягдлын хэмжээг багасгах, бууруулах үйл ажиллагаа нь гол төлөв үүсгэгч буюу иргэд байгууллага, аж ахуйн нэгжээс шалтгаалдаг гэдгийг дээр дурдсан.

Энэ талаар өнгөрсөн хугацаанд төдийлөн олныг хамарсан цар хүрээтэй ажлууд хийгдэж чадаагүй. Үүнтэй холбоотой төсөв хөрөнгийг тусгайлан баталж, зарцуулж чадаагүй ирснийг хог хаягдал дахин боловсруулах аж ахуйн нэгжүүд хэлж байсан юм.

Хог хаягдлын эх үүсвэр болж буй бүтцийг авч үзвэл, орон сууцны айл өрх 14%, гэр хорооллын айл өрхүүд 40%, байгууллага, аж ахуйн нэгжүүд /үйлдвэрлэл/-ээс үүсч буй хог хаягдал 38%, гудамж, талбайн цэвэрлэгээнээс үүсэн бий болж буй хог хаягдал 8%-ийг тус тус эзэлж байна. Үүнийг бид доорх тоон үзүүлэлтээр харууллаа.

Хог хаягдлын эх үүсвэрүүд...

Энэ асуудлыг төрөөс тэр дундаа БОАЖЯ болон Нийслэлийн Засаг даргын тамгын газраас чухалчлан авч үзэж байгаа бөгөөд цаашид Улаанбаатар хотын хэмжээнд гарч байгаа хог хаягдлыг ангилах менежментийг зохицуулж, ашиглаж болох хог хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга технологийг хэрэгжүүлэх зэрэг өөрчлөлтүүдийг хийж, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, аж ахуй нэгж, хувийн хэвшлүүдийг дэмжин ажиллаж, их хэмжээний хог хаягдал бий болгож байгаа компаниудаас татвар авах зэрэг эрх зүйн орчинг бүрдүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа ажээ.

Зураг
10 | 4 | 2 цаг