Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшигч компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын урд хэсэг бүхэлдээ уул уурхайн үйлдвэрлэлд нэрвэгдсэний улмаас нутгийн малчдын гол амьдрах бүс нутаг, ундны эх үүсвэр нь нутгийн хойд хэсэг буюу Тост, Тосонбумбын нуруу болоод байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцолмон " Тост, Тосонбумбын нуруу нь ирвэс, аргаль, янгир зэрэг нэн ховор амьтдын өлгий нутаг болоод зогсохгүй баянбүрд бүхий усны эх үүсвэр, ховор эмийн ургамлын диваажин болсон нутаг юм. Иймээс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-аас Тост, Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаж, энэ оны гуравдугаар сард хилийн цэсийг тогтоосон.

Гэвч Тусгай хамгаалалтын хилийн цэсийг тогтоохдоо нүүрсний ордын ашиглалтын лицензтэй “Саудгобикоал транс” компанийн талбайг хамааруулаагүй. Үүгээр ч зогсохгүй тус компани техник хэрэгсэлээ байршуулж, кэмпээ байгуулж, газар шорооны ажлаа эхэлсэн нь нутгийн олны дургүйцлийг төрүүлж байна.

Тус компанийн эзэмшиж буй талбай одоо ашиглалт явуулж буй дөрвөн нүүрсний уурхайтай тэнцэхүйц том хэмжээтэй юм. Хамгийн гол нь компанийн лиценз бүхий талбай болох Хуршуутын гол нь сумын байгалийн үзэсгэлэн бүрдсэн, баянбүрд олонтой нутаг.

Энд булаг шанд, заг сухай, төрөл бүрийн эмийн ургамал нэн баялаг. Мөн сумын цорын ганц тариалангийн бүс нутаг энэ талбайд оршдог. Иймээс тус ордод олборлолт явуулснаар Гурвантэс сумын нийт иргэдийн ундны усны эх үүсвэр, ан амьтан, ургамлыг тэжээх булаг шанд, баянбүрд сүйдээд зогсохгүй энэ нь говийн бүс нутгийн эко системд ноцтой хохирол учруулах болно" гэлээ.

Тиймээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруунд ашиглалтын лиценз эзэмшигч “Саудгобикоал транс" компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж, сумын иргэд болон “Гурвантэс эх нутаг” ТББ, “Тост” ТББ-ын нийт 802 өргөдлийг УИХ дахь өргөдлийн байнгын хороонд Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хамт хүргүүлээд байгаа аж.

 

Зураг
10 | 4 | 2 цаг