Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад худалдааны ашиг 182.9 саяд хүрч өслөө

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын гадаад худалдаа оны эхний хоёр сарын байдлаар 182.9 сая ам.долларын ашигтай гарчээ. Өмнө нь эхний хоёр сард ийм өндөр түвшинд хүрч байгаагүй гэдгийг Үндэсний Статистикийн газар онцолсон юм.

Эхний хоёр сарын байдлаар манай улс дэлхийн 111 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 1.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.  Энэ нь жилийн дүнгээр 36.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс экспорт 825.3 сая ам.доллар, импорт 491 сая ам.долларт хүрчээ.

Экспортын өсөлтөд үнэт чулуу, металл гоёлын зүйлийн экспорт 33 сая ам.доллараар, авто болон агаарын тээврийн хэрэгслийн экспорт 31.7 сая ам.доллараар буурсан хэдий ч эрдэс бүтээгдэхүүний экспорт 283.4 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин эрдэс бүтээгдэхүүний импорт 56 сая ам.доллараар өссөнөөс дизелийн түлшнийх 29.9 сая ам.доллар, автобензин 12.7 сая ам.доллараар өссөн нь мөн түүнчлэн машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 41 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ. Биет хэмжээгээр нь задлаад харвал эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт болон хагас үнэт чулуу, металл болон гоёын зүйлсийн экспорт нийт экспортын 94.5 хувийг эзэлж байна.

Харин импортын 60.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног, төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл бүрдүүлж байсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.