Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт амьдарч буй иргэд стандартын дагуу ариун цэврийн байгууламжаа барих хэрэгтэй гэв

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
 

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран "Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл" сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр болон маргааш зохион байгуулж буй.

Энэхүү зөвлөлдөх уулзалт нь хүйтэн уур амьсгалтай орнуудын онцлогт тохирсон ариун цэврийн байгууламжийн зохистой шийдлүүдийн талаар туршлага солилцож, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой аж.

 

НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн албаны дарга А. Энхжаргал "Ариун цэврийн байгууламжийг сайжруулна гэдэг нь хүн амын халдварт өвчнийг бүрэн зогсоох боломжтой зүйл юм. Улаанбаатар хотод хийсэн судалгаанаас харахад нүхэн жорлон нь хөрсний бохирдол, ундны усанд нөлөөлж байгаа.

Түүнчлэн, гэдэсний болон өөр халдварт өвчнүүдэд шууд нөлөөлж байгааг НЭМҮТ тогтоосон. Ариун цэврийн байгууламж нь зөвхөн өвчлөлд нөлөөлдөг зүйл биш юм. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн томоохон тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.

Ариун цэврийн байгууламж муугаас хүмүүс ариун цэврийн байгууламжиндаа тохь тухтай орох эрсдэл үүсч, мөн хүний эрх зөрчигдөж байна. Ялангуяа сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд охидын ариун цэвэртэй холбоотой асуудал үүсдэг. 

Нүхэн жорлон, угаадасны нүхний Монгол Улсад мөрдөгдөх стандарт гарсан байгаа. Энэ нь юу гэхээр аль болох байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ариун цэврийн байгууламж барих стандарт гарсан. Тэгэхээр Улаанбаатар хотод амьдарч буй иргэд энэ стандартын дагуу жорлонгоо барьж, аж төрөх хэрэгтэй байгаа юм" гэлээ. 

Мөн энэ үеэр стандартын шаардлагад нийцсэн эрсдлийг багасгах зорилготой жорлонгийн загваруудыг танилцуулсан юм.

  1. Сайжруулсан агааржуулалтай нүхэн жорлон. Өөрөөр хэлбэл, бетоноор хучигдсан доторлогоотой болгох хэрэгтэй
  2. Бага усаар татагдах жорлон
  3. Бордоожуулдаг жорлон
  4. Хуурайшуулдаг жорлон
 

Зөвлөлдөх уулзалтаар ус хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр 

  • Хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, тулгамдсан асуудал
  • Хүйтэн уур амьсгалтай орнуудын олон нийтийн байгууллагуудын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл
  • Хүйтэн уур амьсгалтай орнуудын өрх, айлын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл
  • Хөрсний бохирдол, бууруулах арга зам гэсэн 4 чиглэлээр 16 илтгэл тавигдаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийг нийт оролцогчдын хүрээнд хэлэлцүүлэх юм байна. 
Статистик
Судалгаагаар 2015 оны байдлаар Монгол Улсын хүн амын 68 хувь нь хот суурин газар амьдарч байгаа бөгөөд Нийслэл хотод 1.4 сая хүн амьдарч байгаагийн 48.8 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламж, гэр хорооллын айл өрхийн 97.3 хувь нь шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон тус тус ашиглаж байгаа юм.

Хөдөө орон нутаг, нийтийн бие засах газар, сургууль, цэцэрлэг, гэр хорооллын өрхийн маш цөөн хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан сайжруулсан ариун цэврийн байгууламжийг ашиглаж байгаа нь Монгол Улс бие засах газрынхаа асуудлыг хүртээмжтэй, аюулгүй байхаар төгс шийдэж чадаагүй байгаатай холбоотой.