Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батболд: Хотын газар эзэмших эрхийг 15 жилээр СУНГАДАГ боллоо

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн захиргаанаас байх “ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Газрын асуудлыг илүү боловсронгуй шийдвэрлэх, иргэд болон Улаанбаатар хотод ашигтай байдлаар зохион байгуулах уг хөтөлбөрийн нэгэн томоохон ажлын талаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэлийн Газрын Албанаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг өнөөг хүртэл таван жилаар сунгаж ирснийг 15 жилээр сунгадаг болгох захирамж гаргажээ.

Энэ талаар тэрбээр “Газар гэдэг аливаа хотын хөгжлийн үндэс байдаг. Хөтөлбөрийн хүрээнд гаргасан эхний шийдвэр нь орон сууцны талбайд ахиж орон сууц барих, бизнесийн зорилгоор барилга барихыг хориглосон. Хоёр дахь захирамжийг өөрийн биеэр иргэддээ танилцуулъя гэж бодлоо.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр газар эзэмшиж буй иргэд, ААН-үүд газрын гэрчилгээгээ 3-5 жилээр сунгадаг байсан. Газрын тухай хууль дээр газрын гэрчилгээ 40 жил хүртэл хугацаатай байдаг. Үүнийг таван жилийн хугацаанд сунгаж ирсэн явдал нь иргэд дахин дахин төрийн байгууллагад хандах, хүнд суртал нэмэгдүүлэх алхам болж байлаа.

Гадаадын хөрөнгө оруулалт болон дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд газар эзэмших гэрчилгээг 15 жилээр сунгадаг боллоо. Ер нь цаашид Улаанбаатар хотод газрын бирж байгуулна. Иргэд өөрийнхөө газрыг хамгийн үнэтэй, нээлттэй зарж борлуулах боломж бүрдэнэ” гэв.

Ингэсэнээр иргэд, ААН өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаагаа тогтвор суурьшилтай, төрийн хүнд суртал, зүй бус хяналтаас ангид тогтвортой явуулах боломж нээгдлээ хэмээн дүгнэв. 

Дээр дурдагдсан эхний ажил болох “Улаанбаатар хотын хорооллын дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай барихаас бусад буюу орон сууц, конторын /оффис/ барилга барих зориулалтаар газар шинээр олгохгүй байх” захирамжийн хүрээнд цаашид орон сууцны талбайг хамгаалах бодлого хэрэгжих юм.

Энэ нь цаашид цонх, нарны гэрэл хааж барилга баригдахгүй байх, жил бүр хүүхдийн тоглоомын талбайгаа хамгаалсан иргэд, тус газар барилгын ажлаа эхлүүлэх гэсэн аж ахуйн нэгжүүдийн хоорондох тэмцэлийг зогсоож чадна хэмээн Хотын дарга үзэж байгаагаа хэлэв.